Зарим дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-14 14:43:43

Бүгд Найрамдах Индонези Улс, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотын Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг энэ оны эхний хагаст багтаан үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргав.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар уг шийдвэрийг гаргажээ. 

Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хаахаар болжээ. Энэхүү шийдвэр нь эдгээр улсуудтай харилцах улс төрийн болон бусад харилцаанд нөлөөлөхгүй бөгөөд улс орны төсөв, санхүүгийн нөхцөл байдал сайжирсны дараагаар эдгээр газрыг сэргээн ажиллуулна гэж байнгын хорооны хуралдааны үеэр үзсэн байна.

Эдгээр ДТГ-уудыг түр хаахтай холбогдсон арга хэмжээг Гадаад харилцааны яамнаас олон улсын харилцаанд тогтсон хэм хэмжээтэй холбогдуулан  зохион байгуулж байгаа аж.

Б.Туул

Related news