Төслийн туршлагыг бусад сумдад нутагшуулахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-12 15:25:14

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт СӨБ-д хамрагдалт 83 хувьтай байгаа ба үлдсэн хувьд нь хөдөөгийн малчдын хүүхдүүд ордог байна. Японы хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлсэн “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн үр шимийг аймгийн хэмжээнд СӨБ-д хамрагдаагүй 1300 орчим малчны хүүхэд, 2500-аад эцэг эх, 200 гаруй багш хүртжээ.

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жемс Андерсон Архангай аймагт ажиллахдаа төсөл хэрэгжсэн хэд хэдэн сум болон 2 малчныд зочилсон байна. Мөн  аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаатай уулзахдаа “Төсөлд хамрагдсан хүүхдийн тоо болон хэлний чанарыг төсөлд хамрагдаагүй хүүхдүүдтэй харьцуулахад маш өндөр ахицтай гарсан судалгаа бий. Цаашид Монгол Улсын хэмжээнд бүх сумдад хэрэгжүүлэх ямар боломж гарц байгаа тухай БСШУЯ-тай ярилцаж байгаа” тухай хэлээд төслийн хэрэгжилтэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Архангай аймгийн 10 суманд хэрэгжсэн ч бусад сумдад түгээж, туршлага үлдээж, бүх сумд номын өргөөтэй болж, цэцэрлэгт явах боломжгүй, сургуулиас завсардсан, хөгжлийн бэрхшээлтэй, айлд болон дотуур байранд байдаг хүүхдийн боловсролыг дээшлүүлэх, бага боловсрол олгох, хичээлийн хоцрогдол арилгах ажлуудыг нутагшуулж үлдээхийн тулд төслийн багийнхан ажиллаж байна.

Б.Гэрэлт-Од

 

Related news