Эдийн засгийн байнгын хороо хуралдаж эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-02 11:32:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
 
Тус байнгын хорооны хуралдаан өглөө 9 цагаас эхлэх байсан ч МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлыг авч хэлэлцсэнээс хуралдаан түр хойшлоод байсан юм.

Хуралдааны эхэнд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэх асуудлын товыг танилцуулсан. Тус байнгын хороогоор нийт 6 асуудал хэлэлцэхээр товлоод байв. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн гэрээний төсөл, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ын Зээлийн хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг гишүүд уншиж судлах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцүүлгийг нь хойшлууллаа.

Ингэснээр Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга, "Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн талаар УИХ-аас гаргасан 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилт, тус үйлдвэрийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, 2017 онд хувьчлагдах объектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын мэдээллийг сонсохоор тогтов.

Б.Туул
 
Related news