БНСВУ-ын Дэд ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-10 08:47:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч хатагтай Данг Тхи Нгок Тхиний Монгол Улсад хийсэн хоёр өдрийн албан ёсны айлчлал өндөрлөв.

Тэрбээр энэ сарын 07-нд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхсан юм.

Ерөнхий сайдтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, батлан хамгааах болон тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцаа, Аялал жуулчлал, оюутан солилцоог идэвхжүүлэх талаар ярилцсан юм. Мөн үеэр Монгол Улсын ХНХЯ, БНСВУ-ын Хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон нийгмийн хамгааллын асуудлаарх яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд хоёр оронд үйлчилж буй хууль, эрх зүйн бичиг баримтуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, оуютан солилцоог эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Тэрбээр Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад бараалхах үедээ Монгол Улстай газрын тосны салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Харин айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Монгол, Вьетнамын бизнес уулзалтад оролцсон. Уг уулзалтад Монголын 40, Вьетнамын 23 бизнес эрхлэгч оролцож, хамтран ажиллах боломж, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар хэлэлцсэн юм. Уулзалтын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд зочилж, түүх соёлын өвтэй танилцсанаар түүний айлчлал өндөрлөв.

Хатагтай Данг Тхи Нгок Тхинийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс үдэв.
Ч.Ариунболд
Related news