Таван сая төгрөгөөс доош зээл авсан тохиолдолд барьцаа шаардахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-10 12:03:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын тухай хууль, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.
 
Энэ үеэр УИХ-ын С.Чинзориг Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэр тогтворжиж байгааг БСШУС-ын сайд Ж.Батсууриас тодруулсан юм. Эл асуултад салбарын сайд Ж.Батсуурь, "Боловсролын зээлийн санг хичээлийн шинэ жил эхэлсний дараа байгуулсан. Уг сангаас их дээд сургуульд суралцагсдад сургалтын төлбөрийн зээлийн үйлчилгээг арилжааны банкаар дамжуулан олгож байна. Өөрөөр хэлбэл, оюутан банкнаас зээлээ аваад сургуулийнхаа данс руу шилжүүлж буй.

Таван сая төгрөгөөс доош зээл авсан тохиолдолд барьцаа шаардахгүй байгаа. Одоогоор арилжааны 6 банк Боловсролын сантай гэрээ байгуулсан. Зарим зээл хүсэгчид банкны тавьсан шалгуурыг даваагүйгээс зээл авч чадаагүй тохиолдлууд гарсан. Банкны удирдлагуудтай уулзалт хийж, зүйл заалтууд дээр хөнгөлөлт гаргах тал дээр санал солилцсон. Банкууд бүх эрсдлийг өөрсдөө дааж байгаа учир үгүйсгэх аргагүй асуудал байдаг юм билээ. Цаашдаа аль болох нөхцлийг нь хөнгөлөхөд анхаарч ажиллаж байна" хэмээн хариулав.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд 
Засгийн газар солигдох бүрт өөр өөр хөтөлбөр дэвшүүлэн хэрэгжүүлж байгааг буруутгаж байв. Иймээс боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг тогтвортой хадгалж ажиллах хэрэгтэй гэлээ.

Б.Туул
 
Related news