Өмнөговьчууд гүзээлзгэний эхний ургацаа наадмаар хураана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-16 19:37:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт Солонгосын хоёр төрлийн сортын гүзээлзгэнэ тариалж байна. 
Монгол улс, БНСУ-ын хамтарсан "Ногоон хэрэм" төсөл амжилттай хэрэгжиж байгаа юм. Уг төслийн 1500мкв талбайд ХААИС-ийн багш оюутнууд Өмнөговийнхонтой хамтран тариалж байгаа бөгөөд энэ жилийн баяр наадмаар эхний ургацаа хураах ажээ.  
Тус аймаг өнгөрсөн 4 дүгээр сард Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан юм. Уг санамж бичигт гадаад харилцаанд тулгуурласан газар тариаланг хөгжүүлэх чиглэлийн олон ажлуудыг тусгасан байдаг. Үүнд Өмнөговь аймаг, БНСУ-ын Кёнсанбуг аймаг, Монгол Улсын ХААИС хоорондын гурвалсан хамтын ажиллагаанд үндэслэж өмнөговьчуудын хүнсний ногооны 50 хувиас доошгүй хэрэглээг орон нутагтаа тариалах бодлогыг баримталж байгаа бөгөөд эхний ээлжинд гүзээлзгэнэ болон бусад нарийн ногоо тарьж байна.
Даланзадгад сумын төвөөс баруун хойш байрлалтай Солонгос Монголын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн талбайд 300мкв хэмжээтэй 5 хүлэмжийг барьж, гүзээлзгэнэ болон нарийн ногооны тариалалтыг хийж байгаа юм. Говийн хөрсөнд хамгийн хурдан ургахуйц гүзээлзгэний 2 сортыг тариалсан бөгөөд байгаль цаг уурын хэт халуунд ус чийгээ алдахгүй байх бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаагаа ХААИС-ийн багш, тус төслийг хэрэгжүүлэгч Т.Насанжаргал онцолж байлаа. Гүзээлзгэнэ эхнээсээ жимсэлж байгаа гэнэ.  
Мөн ил талбайд тарвас, амтат гуа, улаан лооль, сонгино зэргийг тариалж байна. Гадаад орны туршлагаас судалж, газар тариалалтыг хөгжүүлж чадвал тодорхой хугацааны дараа Өмнөговьчуудын хүнсний ногооны 50 хувиас доошгүй хэрэглээг орон нутагтаа тариалдаг болох бүрэн боломж байна хэмээн үзэж байгаа аж.
Д.Мишигсүрэн
Related news