Өндөршил сумынхан хангайгаас өөрсдөө өвс хадаж бэлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн алслагдсан сумын нэг, наран ургах зүгийн Өндөршил сумын 132 мянган мал нутагтаа, хөрш Дорноговь аймгийн Сайхандулаан, Хар айраг сумын нутагт 22 мянган мал өвөлжих чигтэй байна.
Өнгөрсөн зун, намартаа малчид алсын отор нүүдэл хийгээгүй, өөрийн нутагт товших байдлаар нүүдэл хийж, малдаа дундаас дээш тарга хүч авахуулсан бөгөөд өвөлдөө ч нутагтаа байхыг малчид илүүд үзжээ.
Тус суманд шинээр байгуулагдсан “Морьт Боржгин”, “Шилийн хурд” ХХК-д сум хөгжүүлэх сангаас 37 сая төгрөгийн зээл олгосон бөгөөд энэ хөрөнгөөр дээрхи компаниуд хадлангийн тоног төхөөрөмж, жижиг оврын трактор худалдан авч, Хэнтий аймгийн нутгаас 320 гаруй тонн өвс хадаж бэлдсэн байна. Үүнийг сумын аюулгүйн нөөцөд татсан бөгөөд үүнээс гадна урьд жилийн үлдэгдэл 20 гаруй тонн тэжээлийн нөөц байгааг сумын Засаг дарга Н. Мөнхцэцэг хэллээ.
Сумын малчдын хувьд 110 гаруй тонн тэжээл бэлдсэн байна.
Дундговь Т. Отгонтуяа