Архангай аймагт тарвага агнахыг хоёр жилээр хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-08 16:26:00
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын 8 дугаар сарын 30-ны А\376 тоот захирамжаар байгалийн ургамал, амьтныг хамгаалах, хэвийн өсч үржих нөхцөлийг хангах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг хоригложээ.
Энэ хориг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх юм.

Зөрчлийн тухай хуулиар Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан байна.

Тарвагыг бүс нутгийн үнэлгээгээр устаж болзошгүй гэж тодорхойлсон байгаа юм. Өнгөрсөн 60 жилийн турш тарваганы тоо толгой эрс буурчээ. 1990 онд тоо толгой 20 сая гэж байсан бол судалгаагаар 2001 онд таван сая болж 75 хувь болтлоо буурсан байна. Тарваганы нэг үе удмын амьдрах хугацааг зургаан жил гэж тооцоолсон байдаг. Зохисгүй агналтын уршгаар тарваганы тоо толгой сүүлийн гурван үе удмын турш 50 гаруй хувь буурсан учир монгол тарвагыг устаж болзошгүй хэмээх ангилалд оруулжээ.

Архангай аймгийн БОАЖГ-аас жил бүр тарваганы тоо толгойг өсгөх, хэвийн хэмжээнд барих зорилгоор тарвага нутагшуулах ажлыг хийдэг. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч тавдугаар сарын эхээр Хонгоржийн талаас 15 тарвагыг нүүлгэн Эрдэнэбулган сумын 6-р багт нутагшуулсан. Эдгээр тарвагад анхаарал хандуулж байхыг нутгийн малчдад даалгасан байна.

Б.Гэрэлт-Од 
Related news