Гэмт хэргийн илрүүлэлт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-13 08:01:55
Дундговь /МОНЦАМЭ/. Цагдаагийн газрын мэдээлснээр Дундговь аймгийн нутаг дэвсгэрт оны эхний 8 сард 142 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг  өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад 4.4 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Гэмт хэргийн илрүүлэлт 64 хувьтай, илрүүлэлт урьд оныхоос 3.4 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн дотор бусдын бие махбодьд гэмтэл учруулсан хэрэг өндөр хувийг эзэлсэн хэвээр байна. Энэ төрлийн хэрэг нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 48 хувийг эзэлж байгаа бол хулгайн хэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг  хэрэг тус бүр 12 хувийг эзэлж, энэ нь мөн урьд оныхоос  буураагүй үзүүлэлт болжээ.Мөн дээрмийн гэмт хэрэг, залилан, малын хулгай, хүний амь хохироосон гэмт хэрэг бүртгэгдэж, танхайрах болон албан тушаалын хэрэг гараагүй.

Гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байгаа бол харин гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 16 хувиар буурсан гэдгийг мэдээлж байна. Нийт гэмт хэргийн 21 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас 390 гаруй сая төгрөгийн хохирол учирсны 72 хувийг нь нөхөн төлүүлжээ.

Аймгийн хэмжээнд 18 ба түүнээс дээш насны 10 мянган хүнд ногдох гэмт хэрэг 47 гэж тооцсон байна. Харин  Дэлгэрцогт, Луус, Баянжаргалан, Цагаандэлгэр Дэрэн, Хулд, Гурвансайхан, Сайнцагаан суманд үүнээс ахиу буюу 50- 155 байгаа тул эдгээр сум гэмт хэрэг ихтэйд тооцогджээ.

 Т. Отгонтуяа
Related news