Ажилд зуучлагдсан иргэд ихэнхдээ тогтвортой ажиллаж чаддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-14 18:25:49
Дундговь /МОНЦАМЭ/. Ажил олгогч нар иргэдийг ажлын байраар хангадаг ч нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлдөггүй, 2- 3 сар туршилтаар ажиллуулж, энэ хугацаанд бага хэмжээний цалин олгодог, эсвэл хөдөлмөрлөх нөхцлөөр хангаагүй гэх зэрэг цөөнгүй шалтгааны улмаас ажлын байрыг иргэд орхих нь олонтаа байдаг ажээ. Энэ нь орон нутагт ажилгүйдэл буурахгүй байхад нөлөөлсөн нэг хүчин зүйл болж байна.
Ажил идэвхитэй хайж хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн санд бүртгүүлсэн 1072 иргэн Дундговь аймагт байна. Энэ оны 8 сарын байдлаар 625 ажлын байрны захиалгыг ажил олгогч нар Хөдөлмөрийн хэлтэст ирүүлсэн бөгөөд үүнээс 139 ажил олгогчийн 224 ажлын байранд ажил хайгч иргэд зуучлагджээ. Үүний цаана үлдэж буй 400 ажлын байрны захиалга одоогийн байдлаар нөхөгдөөгүй байна.  Ихэнх нь дээрхи шалтгаантай холбоотой байгааг Хөдөлмөрийн хэлтсийн ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ,ажил зуучлал хариуцсан мэргэжилтэн С. Бямбамаа хэллээ.
Жишээ нь, Мандалговьд үйл ажиллагаагаа эхэлсэн ноос угаах үйлдвэр 200 гаруй ажлын байрны захиалга өгсөн байна. Гэсэн ч хөдөлмөрлөх нөхцөл нь хүнд, дээр нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйгээс ажлын байранд иргэд тогтвортой ажиллаж төдийлөн чадахгүй, өдөр өдөрт хийсэн ажлынхаа хөлсийг авдаг тул хэд хоног ажиллаад л ажлын байрыг орхидог байна. Эл байдлын улмаас зөвхөн нэг ажил олгогчийн захиалсан 200 гаруй ажлын байр гэхэд л ажиллах хүчээр хангагдаж чадахгүй явж байгаа гэв.
 
Энэ онд шинээр бий болсон дээрхи 224 ажлын байрын хувьд байнгынх бөгөөд олонхи нь  уул уурхайн үйлдвэрлэлд, мөн шинээр нээгдсэн шатахуун түгээх газрууд болон худалдаа үйлчилгээний газарт бий болсон байна.
 
Т. Отгонтуяа
 
 
Related news