Шилжин суурьшлаа ч хаягийн өөрчлөлт хийхдээ иргэд хойрго хандаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-15 19:22:38
Дундговь /МОНЦАМЭ/. Иргэд орон нутаг дотроо шилжилт хөдөлгөөн хийхдээ  оршин суух хаягаа өөрчилдөггүй нь хаягжилтын цэгцгүй байдлыг үүсгэдэг байна. Жишээ нь, аймгийн төвийн 7- р багт гэхэд 18 болон түүнээс дээш насны 2220 гаруй иргэн байгаагийн 16 хувь нь буюу 354 иргэн өөрийн бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй ажээ.

Аль нэгэн сонгууль болохтой холбогдуулан сонгогчийн нэрсийн жагсаалт хэвлэгддэг. Энэ үеэр иргэд хаяг дээр нь өөр хүн бүртгэлтэй байгааг эсвэл хаяг нь буруу бичигдсэнийг анзаардаг хэдий ч ихэнхдээ ач холбогдол өгдөггүй,  тэгсхийгээд мартагнадаг байна. Эл байдлыг цэгцлэх үүднээс Улсын бүртгэлийн хэлтэс хамгийн олон хүн амтай Сайнцагаан сумын 7- р багийг сонгож иргэдийн хаягийг нэг бүрчлэн тулгажээ. Ингэж тулгалт хийснээр  дээрхи тооны иргэд бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй болохыг тогтоосон бөгөөд үүнд хэд хэдэн зүйл шалтгаалсан гэж үзсэн байна.

Тухайлбал, Хот тохижилтын алба хаягжилтыг олгохдоо орон сууц, гудамжийг ялгаж нарийн дугаарлаагүй, өөрөөр хэлбэл хаягийн алдаанаас болж нэг хаяг дээр олон хүн амьдарч байгаа мэт харагддаг нэг тал байна. Нөгөө талаар, орон сууц худалдан авах зээлийн шаардагдах бичиг баримтын дагуу хаягийн шилжилт хийхдээ  зээл хүссэн хүн л хаягаа солиод  гэр бүлийн бусад гишүүн нь хуучин хаягтаа бүртгэлтэй үлдсэн тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна. Нэг гэр бүлийн гишүүд хоёр өөр хаягийн бүртгэлтэй байна гэсэн үг. Түүнчлэн төрөөс үзүүлдэг халамжийн үйлчилгээ хүртдэг иргэд өөр багт шилжин суурьшлаа ч гэсэн хуучин оршин сууж байсан багтаа бүртгэлтэй байхыг хүсдэг гэх зэрэг олон шалтгаан байгааг Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж. Өлзийжаргал тодотгон хэлсэн юм.

Монгол Улсын иргэн хаа ч ажиллаж амьдрах үндсэн хуулиар олгосон эрхтэй. Энэ эрхээ эдлэхдээ иргэний үүргээ биелүүлж, оршин суух хаягийн бүртгэлээ зөв хийдэг, алдаа мадаггүй байлгах хариуцлага шаардагдаж байна.  Хаягийн бүртгэл хийлгэхэд иргэнд ямар нэг хүндрэл бэрхшээл гардаггүй. Багийн Засаг даргаасаа хаяг авч, улсын бүртгэгчээр бүртгүүлнэ. Нэг багаас нөгөө багт шилжиж байгаа тохиолдолд бүртгэлийн хураамж болгож 2500 төгрөг л төлдөг ажээ.
 
 Т. Отгонтуяа
 
Related news