“Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдаа 13 дахь жилдээ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-16 13:20:24
Дундговь /МОНЦАМЭ/. Уламжлалт “Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Мандалговь хотын төв талбайд эхэллээ. 100 гаруй үйлдвэрлэгч үзэсгэлэн худалдааг зорин иржээ.

Орон нутгийнхаа үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах, зах зээлтэй нь холбож, харилцан мэдээлэл,туршлага солилцох  нөхцлийг бүрдүүлэх  зорилготой энэ үзэсгэлэн худалдааг 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь энэ юм. Хэн ямар шинэ бүтээгдэхүүн хийж вэ, үйлдвэрлэл, үйлдвэрлэгчдийн эгнээ хэр өргөжиж байна вэ гэдгийг хэрэглэгчид харж анзаардаг үйл ажиллагаа бол энэ үзэсгэлэн худалдаа байдаг. Эндээс  төв суурингийнхан  шинэ ургац, идээ унд, айраг цагаагаа нөөцөлж авахаар намрын энэ өдрүүдийг хүлээдэг билээ.

Үзэсгэлэн худалдааг нээж аймгийн Засаг дарга үг хэлсэн юм. Тэрээр, 2020 он хүртэл Дундговь аймагт 21 шинэ үйлдвэрлэл бий болгох зорилтыг  мөрийн хөтөлбөртөө тусгаж, үүнийг хэрэгжүүлж эхлэхээр энэ оныг Үйлдвэрлэл дэмжих жил хэмээн зарласныг хэлсэн үгэндээ тэмдэглэсэн.

Өнгөрсөн жилүүдэд сум хөгжүүлэх сангаас 5.8 тэрбум, аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 1.4 тэрбум төгрөгийн зээлийг  360 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон байна. Тэднийг ингэж хөнгөлөлттэй зээлээр төр дэмждэг ч бүтээгдэхүүнээ борлуулах тал дээр ч мөн дэмжлэг хэрэгтэй байдгийг байнга хэлдэг тул үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг худалдан борлуулах “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүрийг нээсэн. Ирэх онуудад дулааны станц, цэвэрлэх байгууламж, Улаанбаатар Мандалговийн 220 кВт- ын цахилгаан дамжуулах агаарын шугам, инженерын шугам сүлжээний шинэчлэл гээд томоохон бүтээн байгуулалтыг хийнэ. Энэ нь орон нутагт үйлдвэрлэл тогтвортой хөгжих  дэд бүтэцийн томоохон түшиц болно хэмээн Засаг дарга хэлсэн үгэндээ онцлов.
 
“Дундговь Түншлэл” үзэсгэлэн худалдаанаас жил бүр аймгийн брэнд бүтээгдэхүүнийг онцлон шалгаруулдаг. Одоогоор 49 нэрийн брэнд бүтээгдэхүүн тус аймагт бий болжээ.
Үзэсгэлэн худалдаа 2 өдөр үргэлжилнэ. Маргааш орой энэ оны брэнд, шилдэг бүтээгдэхүүнүүд тодрох юм. 
Т. Отгонтуяа
Related news