“Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд - хоол тэжээл” төслийн амталгаат өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-17 13:27:33
Архангай \МОНЦАМЭ\. Архангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Франц улсын Санте СюдЖЕРЕС төрийн бус байгууллагатай хамтран "Эрүүл хүнс-Эрүүл мэнд" амталгаат өдөрлөгийг зохион байгууллаа. Өнөөдөр өглөө аймгийн ЗДТГ-ын зааланд өдөрлөгийн талаарх мэдээллийг дээрх байгууллагуудын төлөөлөгчид өгсөн юм. Харин хүлэмжид тарьсан ногоогоор төрөл бүрийн хоол хийж сурталчлах, хоолны амталгаа нь Эрдэнэбулган сумын 1-р сургуулийн хоолны зааланд болсон юм.

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь эрүүл, зохистой хооллолт, хүнсний ногоо хэрэглээний ач холбогдлыг зорилтот бүлэг, ард иргэдэд таниулж, хүлэмжид ургасан төрөл бүрийн нарийн ногоогоор Монгол хүний өдөр тутамд хэрэглэдэг хоол хүнсийг хэрхэн баяжуулан хэрэглэж болохыг сурталчлах юм.

Монгол улсад буруу хооллолт болон чанартай хунс тэжээлийн дутагдлаас шалтгаалан зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын замын өвчин, чихрийн шижин зэрэг архаг өвчин, эмгэгийн тоо нэмэгдсээр байгаа. Халдварт бус өвчлөлийн 75 гаруй хувь нь зохисгүй хооллолт, хүний амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй байгаа нь хүнсний аюулгүй байдал, хүн амын зохистой хооллолтын чиглэлээр хийх ажил их байгааг илтгэнэ. Иймээс Франц улсын Санте СюдЖЕРЕС ТББ-ууд хамтран “Архангай аймгийн хүн амын эрүүл мэнд - хоол тэжээл” төслийг аймгийн Хашаат, Чулуут сумуудад хэрэгжүүлж байгаа.

Хоол тэжээлийн асуудал нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэлийн нэг тул ЭМЯ, ХХААХҮЯ, НЭМҮТ, Архангай аймгийн ЭМГХХААГ-тай хамтран ажиллаж байгаа юм.
 

Б.Гэрэлт-Од
Related news