Нүүдэлчдийн ахуй соёлоо мартагнуулахгүйн үүднээс үйлдвэрлэлээ эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-17 19:57:24
Дундговь /МОНЦАМЭ/. Уламжлалт аргаар үхрийн ширийг боловсруулж, хөхүүр үдэж,  сур элдэн хазаар, чөдөр хийдэг нэгэн үйлдвэрлэлийг малчин Б. Батсайхан эрхэлдэг байна. Түүний бүтээгдэхүүнийг нутгийн нь малчид хэрэглэж заншсан, үйлдвэрлэлд нь зориулж малынхаа арьс ширийг ч өгдөг болжээ.

 Б. Батсайхан Эрдэнэдалай сумын Рашаант багийн малчин. Тэрээр 6 жил гаруй өмнө өрхийн үйлдвэрлэлээ дүү Б. Эрдэнэбатын хамт эхэлсэн байна. Малын арьс  ширээр хийдэг мал аж ахуйн эдлэлүүд, тухайлбал, хөхүүр, хазаар, ногт, чөдөр, бугуйл, гүүний зэл, морины уяаны хэц зэргийг урладаг байна. Тэдэнд захиалга тасардаггүй гэж хамтран үйлдвэрлэл явуулдаг дүү Б. Эрдэнэбат ярьсан юм.

Өвлийн идэш хоол бэлддэг үеэр малчид үхрийнхээ ширийг  тэдэнд өгдөг. Зах зээлийн үнээр бодон 40- 50 мянган төгрөгөөр худалдан авч, 200 гаруй шир бэлддэг байна. Нэг үхрийн шир нэг хөхүүр эсвэл нэг бүтэн  бугуйл болдог. Хөхүүрийг янз бүрийн хэмжээтэй хийнэ. Багадаа 5 литр, хамгийн том нь 50 литрийн багтаамжтай. 5 литрийн багтаамжтайг ширээнд дээр сөн болгож ашиглах зориулалтаар хийдэг. Ширний шар хальсыг маш сайн хусч авдаг учраас хөхүүрэнд айраг хийхэд гэрэлтэн харагдаж, гаргууд сайхан исдэг хэмээн сонирхуулсан юм.

Хөхүүр жижиг нь 100 мянга, том нь 350- 500 мянган төгрөгийн үнэтэй. Хазаар 35 мянга, ногт 30 мянган төгрөгөөр худалдаалагддаг байна. Малынхаа арьс ширийг боловсруулах арга нь нүүдэлчдийн мал аж ахуйн уламжлал соёл болдог. Малчид нэг хэсэг хөхүүрэнд айргаа исгэхээ больчихсон, гүүн зэл морины уяагаа олс дээсхэнээр болгочихдог. Арьс ширээ шүүдэж, элдэж боловсруулдаг уламжлал орхигдох хандлагатай болоод байсан. Энэ ахуй соёлоосоо хөндийрч болохгүй.  Монгол малчид л монгол ахуй уламжлалаараа аж төрөх ёстой гэдэг үүднээс өрхийн энэ үйлдвэрлэлээ эхэлсэн хэмээн ахан дүүс эхэлж байна.
Тэднээс малчид гэлтгүй төв суурингийнхан ч бүтээгдэхүүнийг нь сонирхон авдаг. Учир нь бэлэг дурсгалын зориулалтаар жижиг хазаар ногт хийдэг нь хүмүүсийн сонирхлыг татаж, бэлгэдэл болгон худалдан авдаг гэнэ. Жижигхэн энэ хазаарыг хонь, ямааны арьс ширээр хийдэг бөгөөд 20 мянган төгрөгийн үнэтэй гэлээ. Ахан дүүсийн үйлдвэрлэл жилийн дөрвөн улирлын туршид  үргэлжилдэг байна.

 Т. Отгонтуяа
Related news