Ахмад багш нар сурлагын хоцрогдол арилгахад тусалдаг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-09-27 18:19:19
Дундговь /МОНЦАМЭ/. Тэтгэвэрт суусан гээд зүгээр суулгүй ахмад багш нар  хүүхдийн сурлагын хоцрогдлыг арилгахаар ажиллаж  байгаа сайн жишээ Дэлгэрхангай суманд байна. Бага ангийн болон монгол хэл, математикийн 6 багш хамтран ХХҮГ- ын ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний төслөөр үйл ажиллагаагаа дэмжүүлэн ийнхүү ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг ахмад багш Б. Тунгалагаас энэ талаар тодруулсан юм.
Сурлагын хоцрогдол арилгах сургалтыг тэд өнгөрсөн жил эхлүүлсэн байна. Хичээлээ ойлгоогүй хоцорч яваа хүүхдүүдэд монгол хэл, математикийн хичээлээр давлага өгдөг, энэ нь ч хүүхэд, эцэг эхчүүдийн талархлыг  багагүй хүлээжээ. Харин энэ жил зөвхөн хүүхдэд биш залуу багш нартаа зөвлөн туслахад анхаарч байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хүүхдэд сурлагын хоцрогдол үүсгэхгүйн тулд  багшийн сургах арга барил чухал гэж үзжээ.
Ахмад багш Б. Тунгалаг,  “Хичээлээ ойлгож, сурах чадвар хүүхэд бүрт харилцан адилгүй байдаг. Тиймээс нийт дунд нь 40 минутын хичээл заагаад орхих биш заасан хичээлийг нь хэдэн хүүхэд ойлгож, хэд нь ойлгоогүй хоцорч вэ гэдгийг багш тухай бүрт нь шалгаж байх тун чухал байдаг. Тэгээд ойлгоогүй хоцорсон хүүхдүүддээ заавал цаг гарган давтан зааж, бүрэн ойлгосны нь дараа шинэ хичээлээ үргэлжлүүлдэг байвал хүүхдэд сурлагын хоцрогдол гарахгүй гэж үздэг. Би ч өөрөө ийм аргаар ажилладаг байсан. Хүүхэд нэг бүртэй тулж ажиллах, хичээлийн цагаас гадна хүүхдийг сургах нөхцөл  ялангуяа хөдөөгийн сумын багш нарт илүүтэй бий гэж боддог” хэмээн ярилаа.
Ахмад багш нар хүүхдүүдтэй хамт хичээлд суудаг байна. Энэ явцад хичээл зааж байгаа багшийн сургах арга зүйн юу нь давуу талтай байна, юун дээр анхаарвал зохилтой байна вэ гэдгийг ажиж, залуу багш нартаа зөвлөн тусалдаг болжээ.

Т. Отгонтуяа
Related news