Мандалговьд цэвэрлэх байгууламж барих ажил хойшлогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-10-06 20:33:35
Дундговь /МОНЦАМЭ/. Энэ оны эхэнд Барилга хот байгуулалтын сайд Дундговь аймгийн Засаг даргын хооронд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан нэг ажил бол Мандалговь хотын шинэ цэвэрлэх байгууламж юм. Энэ бол Мандалговийнхны чихэнд таатай сонсогдож байсан ч цэвэрлэх байгууламж шинээр барих аймгийн жагсаалтаас Дундговь хасагджээ.

Оны эхэнд аймгийн Засаг  даргын хэлэхдээ, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цэвэрлэх байгууламж барих таван аймгийн нэг нь Дундговь болж байгаа, ажил нь наймдугаар сар гэхэд эхлэх чигтэй хэмээн мэдээлж  байсан юм. Харин одоо цэвэрлэх байгууламж барих аймгуудаас энэ удаад хасагдаж, дараагийн ээлжинд багтахаар болсон  гэх мэдээллийг өгч байна.
Мандалговийн одоо ашиглаж байгаа цэвэрлэх байгууламж механик ажиллагаатай, хоногт 1300 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтайгаар анх ашиглалтад орж байсан ч ашиглалтын явцад элс баригч болон  тунгаагуурууд нь ажиллагаагүй болсон байна. Одоо зөвхөн нэг тунгаагуураар бохир ус шүүгдэж, байгальд шууд хаягддаг.

 Мандалговийн суурьшлийн бүс тэлж, шинээр газар олголт цэвэрлэх байгууламжийн хаяанд тулж очсон, эл байгууламжийн хүчин чадал, хэвийн үйл ажиллагаа улам бүр доройтож байгаа, байгальд хаягдаж байгаа уснаас үүдэлтэй хөрсний бохирдол ихэссэн зэрэг олон хүчин зүйл  Мандалговьд цэвэрлэх байгууламж яах аргагүй шаардлагатай гэдгийг харуулсаар ирсэн юм. Яах аргагүй шаардлагатай байгаа энэ бүтээн байгуулалтын сураг сонсогдож, нааштай эхлэл тавигдах нь уу даа гэтэл ийнхүү хугацаа нь улам хойшлогдов.
 Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжийн ажиллагаатай ганц тунгаагуур лагаар дүүрсэн байдалтай. Үүнийг ойрын хугацаанд гараар цэвэрлэж, өвөл хаврын давах бэлтгэлийг хангана гэж байгууламжийг хариуцан ажилладаг “Дундговь Ус” ОНӨҮГ- ын захирал Д. Ганбаатар хэлж байна.

Т. Отгонтуяа
Related news