Умард Солонгосоос зугтсан улс төрч "зөөлөн хүч" ашиглахыг АНУ-д зөвлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-11-02 15:35:32
ЛОНДОН. /Би-Би-Си/. Умард Солонгост гадаад ертөнцийн мэдээ мэдээллийг тараах нь Пхеньяныг дарж авах хамгийн зөв арга зам гэж Умард Солонгосоос дүрвэн зугтсан нөлөө бүхий албаны хүн хэлжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Их Британи дахь Умард Солонгосын Элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Тэ Ён Хо лхагва гарагт АНУ-ын Конгресст үг хэлэхдээ “Ард түмэндээ бурхан мэт тахин шүтэгдэж буй Ким Жөн Уны үнэн нүүр царайг илчлэх нь түүний дэглэмийг унагаах хамгийн зөв арга зам байж болох юм” гэжээ. Түүний хэлснээр, төр засаг нь юу хийж байгааг, гадаад ертөнц төрийнх нь талаар юу гэж мэдээлж байгааг умард солонгосчууд огт мэддэггүй байна.



Тэ Ён Хо нь Их Британи дахь Умард Солонгосын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд Өмнөд Солонгос руу зугтсан хүн юм. Тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаад Умард Солонгосоос зугтсан цөөн хэдэн хүний нэг билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Азийн улс орнуудад, тэдгээрийн дотор Өмнөд Солонгост удахгүй айлчлах гэж буй энэ үед Тэ Ён Хо ийм мэдэгдэл хийлээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай ядаж нэг удаа уулзаж, түүний санаа бодлыг сонсож, цөмийн зэвсэг асар их хэмжээний гарз хохирол учруулах эрсдэлтэйг түүнд ойлгуулах хэрэгтэй гэж Тэн Ён Хо АНУ-ын хууль тогтоогчдод мөн хэлсэн байна.
Г.Доржханд
Related news