Хуулийн гарын авлага хэвлэн өрх бүртээ хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 17:18:48

Төрийн үйлчилгээ үзүүлэхэд өдөр тутам мөрдөгддөг хууль тогтоомжийг иргэдэд ойлгомжтой, энгийн хэлбэрээр таниулах зорилгоор Өлзийт сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд ном хэвлэж айл өрхүүддээ тарааж байна.

Тус сумын ЗДТГ ирэх сарын 15- ныг хүртэл өндөр бүтээлийн аян зарласан бөгөөд энэ аяны гол нэг ажил болгож иргэддээ ийнхүү гарын авлага бэлджээ.

ЗДТГ- ын дарга Б.Хорлоо хэлэхдээ, баг, олон нийтийн хурлын үеэр иргэдэд мэдээлэл өгдөг боловч тэр бүр хүртээмжтэй бус, эргэж утасдаж асууж сураглах явдал их байдаг. Тиймээс айл өрх бүрт хууль тогтоомжийн гарын авлага байх нь ач холбогдолтой юм гэж үзээд сумын иргэний бүртгэл, татвар, нийгмийн даатгалын мэргэжилтэн, газрын даамал зэрэг алба хаагчид хамтран төрийн үйлчилгээтэй холбоотой бүх хууль тогтоомжоор гарын авлага бэлдэж хэвлэсэн. Одоогоор 400 гаруй айл өрхөд хүргээд байна. Энэ долоо хоногт хөдөөгийн багийн айл өрхүүдэд хүргэнэ. Нийт 700 гаруй өрхөд гарын авлага очих ёстой гэлээ.

Гарын авлагыг асуулт хариултын хэлбэрээр бэлтгэсэн нь иргэдэд ойлгомжтой болсон байна. Мөн сумын ЗДТГ- ын мэргэжилтнүүд болон аймаг, сумын төрийн байгууллагын шаардлагатай утасны дугаарыг номонд хэвлэжээ.

Иргэд гарын авлагыг хэр сайн ойлгож, судалсаныг тандах үүднээс сумын төвийн 120 гаруй өрхийн дунд асуулт хариултын “Алтан хонх” тэмцээнийг ч өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news