Английн “Тэнгри” компани аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар Английн “Тэнгри” компанийн захирал Нэнси Жонстонг хүлээн авч уулзлаа.
Сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Тэнгри” компани нь 2009 оноос Архангай аймгийн Хангай, Цахир, Булган, Өндөр-Улаан, Чулуут, Ихтамир, Цэнхэр зэрэг сумдаас үхрийн хөөврөө авдаг болсон байна. Цаашид нөөцөд суурилсан үйлдвэрлэлийн болон аялал жуулчлалын ажил дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хэллээ. Аймаг орон нутгийн зүгээс ч энэ чиглэлээр ажиллах зорилго, хүсэл сонирхол байгаа учраас боломжоороо хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
“Тэнгри” компанийн захирал Нэнси Жонстон ирэх оны гуравдугаар сард Архангайд ирэхдээ тус аймагт байгальдаа ээлтэй, нутаг оронд нь тохирсон ямар аялал жуулчлал байх хэрэгтэй байна вэ гэдгийг судлах бүрэн судалгааны багтай ирэх гэнэ.
Тэр үед уулзахдаа ямар ажилд хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгаа, ямар чиглэлээр хамтарч ажиллах, цаашлаад ярьсан ажлаа даруй ажил хэрэг болгох чиглэлээр тодорхой саналуудтай уулзах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.
Б.Гэрэлт-Од