“Хариуцлагатай залуу манлайлагч” клубын залуус сайн үйлсийг түгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 14:19:07

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ЮНЕСКО (НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага)-ийн Бээжин дэх салбартай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд Өвөрхангай аймгийн салбар бүрийн төлөөлөл болсон 30 залуу нэгдэн “Хариуцлагатай залуу манлайлагч” клубыг байгууллаа.

Тэд мэдлэг мэдээлэл дээрээ тулгуурлан орон нутагтаа тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох, залуусын дуу хоолой болж үзэл бодлоо илэрхийлэх, өөрт хамаатай тодорхой асуудлуудаар бодлогод нөлөөлөх, манлайлал, оролцоогоо нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд МСҮТ-ийн оюутан залууст манлайллын талаар сургалт зохион байгуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Мөн “Хүүхэд өлсөх ёсгүй, даарах ёсгүй” сайн үйлсийн аян зохион байгуулж, хувиараа бизнес эрхлэгчдийн халуун сэтгэлээсээ өгсөн хүнсний зүйлс, түлээ нүүрсийг Арвайхээр сумын орлого багатай, бага насны олон хүүхэдтэй таван өрхөд хандивласан байна. 11 дүгээр сарын 14-ний өдөр “Аз жаргалтай гэр бүл” сургалт өдөрлөгийг зохион байгуулж, залуу гэр бүлүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүний эрхийн тухай ойлголт, хайрын хэл, гэр бүлийн санхүүгийн мэдлэг зэрэг сэдвүүдээр сонирхолтой мэдээллийг хүргэн тэмцээн зохиож, хайрын шуудан аялуулжээ.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, ЮНЕСКО (НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага)-ийн Бээжин дэх салбартай хамтран залуучуудын хөгжлийг дэмжин, тэднийг ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн байж, нийгмийн хөгжил, дэвшилд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн, оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалан “Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, чадавхижуулах нь” хөтөлбөрийг 21 аймаг даяар хэрэгжүүлж байна.

Б.Батчимэг

Related news