Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд Өвөрхангайд сайн хэрэгжиж байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 14:37:25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиуд Өвөрхангай аймагт хангалттай түвшинд хэрэгжиж байна. Ялангуяа Орон нутгийн хөгжлийн сангийн хуулийг хэрэгжүүлэхэд иргэдийн идэвх оролцоо сайн байсан нь тус аймагт хийгдсэн бүтээн байгуулалтаас харахад илэрхий байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт Г.Баттогтох хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оноос хойш санаачлан УИХ-аар батлуулан хэрэгжүүлж буй хуулиудын хэрэгжилт хөдөө орон нутагт хэр биелэлттэй байгааг газар дээр нь хянах, алдаа оноог шүүн тунгаах зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Хот, хөдөөгийн хөгжлийн асуудал хариуцсан ахлах референт  С.Батбаатар, ахлах шинжээч Г.Баттогтох, Д.Дорждэрэм нарын хүмүүс Өвөрхангай аймагт ажиллаж, Орон нутгийн хөгжлийн сангийн хууль, Шилэн дансны хууль, Монгол хэлний тайлбар толины талаар төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэхдээ дээрх дүгнэлтийг өглөө.

Орон нутгийн хөгжлийн сангийн хууль 2013 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хоёр сарын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол орны төв цэг болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын Боргидойн 2 дугаар багийн ИНХ-д биеэр оролцож байхдаа хуулийн хэрэгжилттэй танилцаж, олон нийтэд сурталчлан таниулж байсныг ахлах референт  С.Батбаатар энэ үеэр эргэн сануулсан юм. Тэд хэлэхдээ Орон нутгийн хөгжлийн сан нь орон нутагт эрх мэдэл, хөрөнгө мөнгө нэмж, олон шинэчлэлтийг авчирсан ч зарим аймгууд сангийн хөрөнгийг хуульд заагаагүй зүйлд зарцуулсан байна. Гэвч бид шийтгэх нь гол бус харин хуулийн заалтыг эргэн харах нь чухал гэсэн байр суурьтай байгаа гэж байв.

Мөн Шилэн дансны хуулийн ойлголт хөдөө орон нутагт тааруу байгаа ч Өвөрхангай аймгийн төрийн байгууллагууд тэргүүлэх хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэдгийг ч онцлон сайшаалаа.

Б.Батчимэг

Related news