ИТХ-ын дарга сэтгүүлчидтэй “зангиа”-гүй уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчидтэй “зангиагүй" уулзалт хийлээ.
Эл өдөр Хэнтий аймгийн ууган хэвлэл мэдээллийн байгууллага "Урагшаа" сонины анхны дугаар хэвлэгдсэн гарсан 70 дахь жилийн өдөр тохиосноороо онцлог байсан юм.
Зангиагүй уулзалтаар хэвлэл мэдээлэл, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, хамтран ажиллах нөхцөл, сэтгүүлчдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар ажил хэрэгч санал, мэдээлэл харилцан солилцож, энэхүү уулзалтыг уламжлал болгон хийж байхаар тогтлоо.
Энэ үеэр Хэнтий аймгийн хөгжил, дэвшлийн төлөө хичээнгүйлэн ажилладаг, ард иргэдийг үнэн бодит мэдээ мэдээллээр түргэн шуурхай ханган дөрөв дэх засаглалын үүргээ тогтвортой сайн гүйцэтгэж байгаа МОНЦАМЭ агентлагийн Хэнтий аймаг дахь сурвалжлагч, “Хэнтийн мэдээ агентлаг”-ийн захирал Д.Одонтунгалаг, Өндөрхаан телевизийн захирал Ө.Одмаа, Хэнтий телевизийн найруулагч, зураглаач Ц.Эрдэнэболд нарыг аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Сүлд” тэмдгээр шагнаж, баяр хүргэв.
Уулзалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, эрэн сурвалжлах, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэлүүд нийгэмд хүлээгдэж буйг дурдаад, Гутайн давааны алтны лицензний асуудал, өнгөт, үнэт чулуу олборлохтой холбогдсон хууль эрх зүйн орчин, хууль бусаар чулуу олборлож, байгаль экологи сүйтгэж байгаа хэд хэдэн бүлгийг сурвалжлан нийгэмд, нийтэд дэлгэн тавих, бодит нөхцөл байдлыг хэвлэл мэдээллээр таниулахыг уриаллаа. Түүнчлэн хурлын хуралдаан, уулзалт хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг цаг ямагт Хэнтий нутгийн ард иргэдэд үнэн бодитой шуурхай хүргэж байдагт сэтгүүлчдэд талархал илэрхийлээд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэсэн юм.
Д.Одонтунгалаг