Түүхэн амжилтаар буухиалагч Б.Үүлэнтайсуухүү
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Баатарцогтын Үүлэнтайсуухүү хэмээх содон нэрний эзэн, Хэнтий аймгийн БТСГ-ын Хүндийг өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч энэ хүн Хэнтийн шинэ үеийн төлөөлөл болсон тэргүүний залуусын нэг юм.
Тэргүүний хэмээн тодотгох учир нь тэрбээр 2011 оноос дэлхийн топ таван спортын нэг болох хүндийг өргөлтийн спортоор уйгагүй хичээллэж эхэлсэн ба харьцангуй богино хугацаанд Азийн хэмжээний түүхэн амжилт гаргасан шилдэг тамирчин билээ.
Өдгөө 28 настай залуу дасгалжуулагчийн хувийн амжилтаас тодруулбал 2012, 2013 онуудад Хүндийг өргөлтийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван мөнгөн медалийг эх орон, элгэн нутагтаа авч ирсэн нэгэн юм. Эдгээр амжилтууд нь Хэнтий аймгийн хувьд Хүндийг өргөлтийн спортоор гаргасан түүхэн бөгөөд анхдагч амжилтууд гэдгийг бид тэр бүр мэддэггүй.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Галсанжамцын Баатарцогт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Регжийбуугийн Өнөржаргал нарын гэр бүл чандмань эрдэнэ шиг гурван хүүтэй. Ууган хүүгээ Үүлэнтайсуухүү, дунд хүүгээ Хунтайсуухүү, бага хүүгээ Үүрцайххүү хэмээн нэрийдсэн нь ихэд содон бөгөөд төвд номын нэр бүхий утга учрыг илэрхийлдэг ажээ. Ууган хүү Б.Үүлэнтайсуухүүгийн хувьд бага балчир наснаасаа барилдаж, ноцолдох дуртай, тэнхээ шөрмөс сайтай хүүхэд байв. 2005 оноос уугуул нутаг Дэлгэрхаан сумынхаа “Хөдөө аралын хүчтэн” бөхийн холбооны тэргүүн, Н.Лхагвын нүдэнд өртөж, анх үндэсний бөхийн спортод хөл тавьжээ. Ингээд Дэлгэрхаан сумын ЕБС-ийг 2007 онд дүүргэж, 2008 оноос аймгийн МСҮТ-д суралцах болж, энэ үеэс Батноров сумын харъяат, сумын заан Ч.Оюунбаярын удирдлага дор бөхийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ жудо, чөлөөт бөхөөр хичээллэн, спортод улам бүр дурлах болжээ.
Б.Үүлэнтайсуухүү 2010 онд эр цэргийн албаа хааж, тэр оны намар Монгол Улсын Манлай уяач Ц.Баастын хүсэлтээр хадлан бэлтгэх ажилд гарчээ. Энэ үед түүнийг ачааны машинд ганцаараа төвөггүйхэн өвс ачиж байгааг харсан Ц.Баастын хүргэн А.Амарбаясгалан хүндийг өргөлтийн спортоор хичээллэхийг санал болгосноор Хэнтий аймгийн Хүндийг өргөлтийн спортын түүхэнд эргэлт гарах эхлэл болсон гэж хэлж болно.
Ингээд Улаанбаатар хотыг зорих болсон Б.Үүлэнтайсуухүү Аврагч спорт хорооны тамирчин болж, Хүндийг өргөлтийн спортын мастер н.Дөрвөнжингийн удирдлага дор 2011 оны есөн сараас бэлтгэл хийж эхэлжээ. Энэ үеэс богино хугацаанд хэд хэдэн амжилт үзүүлсний дотроос 2012 онд Хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, огцом, түлхэлт, нийлбэр гэсэн гурван төрөлд гурван мөнгөн медалийг хүртэж, Хэнтийчүүд Азид нэрээ дархалсан юм.

Хүндийг өргөлтийн спортоор хичээллэхийн сацуу Үндэсний бөхөөр барилдах дуртай Б.Үүлэнтайсуухүү 2013 онд сумын заан цолыг хүртэж, Монгол бөхийн тэсвэр тэвчээр, ёс жаягт суралцаж явна.
Энэ оны гурван сараас Хэнтий аймаг спортын төрөлдөө Хүндийг өргөлтийн спортыг нэмж, аймгийн шигшээ багийн дасгалжуулагчаар Б.Үүлэнтайсуухүүг урьж, ажиллуулах болжээ. Залуу тамирчин, дасгалжуулагч маань аймаг орон нутгаас үзүүлсэн энэ их итгэлийг гагцхүү амжилтаар хариулах зорилго тээн урам зоригтой урагшилж явна. Тиймдээ ч Хэнтий аймгийн Хүндийг өргөлтийн шигшээ баг ганцхан сарын бэлтгэл сургуулилтаар энэ сарын 7,8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртсэн түүхэн амжилтыг гаргаад иржээ.
“ Сайн тамирчин байхаас сайн дасгалжуулагч байх нь хэд дахин амаргүй алба юмаа” хэмээн даруу инээмсэглэх залуу дасгалжуулагч Үүлэнтайсуухүүгийн дотор амжилтаар буухиалах их эрч хүч, ахин дэвших их итгэл үнэмшил нуугдан буй мэт санагдав.
Хэнтий аймгийн БТСГ-ын хуучны жижиг зааланд хөдөлмөрч тамирчдын хөлс үнэртсэн жижиг өрөөнд тамирчдаа бэлтгэх залуу дасгалжуулагч ирэх намар гэхэд анхны мастераа төрүүлж, ирэх жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэх зорилго тавин тун завгүй ажиллаж байна. Хэдийгээр дасгал сургуулилтын тоног төхөөрөмж дутмаг, заалны хэмжээ багаддаг ч гэсэн энэ түүний шантраах шалтгаан огтхон ч биш гэнэ.
“Энэ спортод орсон цагаасаа л эцсийг нь үзтэл зүтгэнэ гэж өөртөө зорилго тавьсан” хэмээн итгэл төгс ярих түүний ярианаас өөрийн эрхгүй Хэнтийн шинэ үеийн хариуцлагатай, хатуужилтай зан чанар мэдрэгдэнэ.
Эгэл даруухан Хэнтийн хүү хэдэн мянганаар түүчээлэх хийморь өөдөө Хан Хэнтийчүүдийн өнөөдрийн түүхийг өөрийнхөөрөө бүтээн, ирээдүйн амжилтад буухиалж явна. Их хаадын цус шингэсэн түүний уужуу ухаанд энх сайхан нутаг орон нь багтаж, эгэл даруу, гүндүүгүй зөөлөн бодол сэтгэлд нь ихийг хийж бүтээхийн их гал дүрэлзэн буй...

Д.Одонтунгалаг