Эрүүл мэндийн талаар шийдвэртэй арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргад даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-05-28 17:19:05
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар хэлэлцэж аймгийн Засаг даргад эрүүл мэндийн салбарын төсвийн сахилга батыг чангатгах, эмч мэргэжилтний хангалтыг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвар, ёс зүй, харилцаа, хандлага, сахилга хариуцлагыг сайжруулах талаар шийдвэртэй арга хэмжээ авахыг даалгалаа.
Мөн эрүүл мэндийн салбарт материаллаг баазыг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн юм.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт 3,1 тэрбум төгрөгийН хөрөнгө оруулалт хийсэн ч үйлчилгээний чанар, хүртээмж сайжраагүй, эрүүл мэндийн салбарын удирдлага, мэргэжил, арга зүйн бодлого алдагдаж, эмч эмнэлгийн ажилтнуудын чадвар, ёс зүйн талаар иргэдээс  гомдол гарч, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах шаардлага тавьж байна гэж ИТХ-ын хуралдаанаас дүгнэсэн байна.
М.Батжаргал

Related news