Шинэ цэвэрлэх байгууламж 2020 онд ашиглалтад орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоногт 250 мянган шоо метр бохир цэвэршүүлэх хүчин чадал бүхий төв цэвэрлэх байгууламжийг 2020 гэхэд ашиглалтад өгөх юм байна. Тэгвэл өнөөдөр "Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нээлт болов.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд ярихдаа, “Шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг хавар газар гэсэх үеэр эхлүүлэх хүлээлттэй байна. Ажил эхэлвэл 1.6 жилийн хугацаанд барьж дуусах тооцоотой. Улаанбаатар хотын ойрын ирээдүйн бүх хэрэгцээг хангасан цэвэрлэх байгууламж босно. Бид хуучин цэвэрлэх байгууламжийн техник, технологийг ч сайжруулахаар зорьж байна” гэв.
Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж нь одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжаас хоёр дахин илүү бохир цэвэршүүлэх хүчин чадалтай. Лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах юм байна. Мөн цэвэршүүлсэн усыг үйлдвэрлэлд нэвтрүүлж ДЦС-3, ДЦС-4 хөргүүрт ашиглан зүүн бүсийн усны хэрэгцээнд нэвтрүүлэх тооцооллыг гаргажээ.
БНХАУ-ын талаас 3 компанийг сонгон шалгаруулсан байна. Уг компаниудад Хятад улсын Экзим банк үнэлгээ хийж буй бөгөөд үүний дараа манай талд мэдэгдэл хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалт болох аж. Шалгарсан компани манай улсаас 4-5 туслан гүйцэтгэгч компанийг шалгаруулах юм байна.