БНСУ-д зорчих олон удаагийн виз олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-11 13:18:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д олон удаа зорчих визний журамд нэмэлт оруулж байгаа талаар өнөөдөр тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлстээс мэдээлэв.
Одоо мөрдөж буй журмын дагуу БНСУ-д зорчиж байсан иргэн, Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтан, тус улс руу тогтмол нислэг үйлддэг авиа компанийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтанд олон удаагийн виз олгож буй юм. Мөн БНСУ-тай хамтран байгалийн баялаг олборлох, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, тус улсын төрийн болон хувийн байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зорилгоор зорчих иргэн, БНСУ-ын иргэншилтэй Монгол иргэн болон Солонгос хүнтэй гэр бүл бүл болсон иргэний эцэг эх, үр хүүхэд, эхнэр нөхөр, олон улсад ашигладаг кредит карт эзэмшигчид олон удаагийн виз олгодог. Түүнчлэн БНСУ-руу нийт 10 удаа зорчсон эсхүл сүүлийн 2 жилийн хугацаанд 4 ба түүнээс дээш удаа зорчсон иргэнд 1, 3 болон 5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох журам үйлчилж байна.
Харин шинэчилсэн журмаас гадна эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагад нэгээс дээш жил ажиллаж буй сэтгүүлч, найруулагч, редактор, жилд 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг болон оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн хэлтсийн даргаас дээш албан тушаалтанд олон удаагийн виз олгох заалтыг нэмж байгаа аж. Түүнчлэн БНСУ-д бакалавр, бусад оронд магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн, салбартаа амжилт гаргаж, гавъяа зүтгэлээ төрөөр үнэлүүлсэн урлаг, соёлын зүтгэлтэн, тамирчин, 500 сая төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө эзэмшигчид олон удаагийн виз олгох нэмэлтийг оруулахаар төлөвлөж байгаа юм. Уг шинэ журмыг ойрын хугацаанд БНСУ-ын холбогдох байгууллагуудад танилцуулан зөвшөөрөл авч, хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгааг БНСУ-ын Элчин сайдын яамны Консул Кил Ганмуг мэдээлэв.
Мөн тус улсад зорчих виз хүсч буй иргэд төрийн байгууллагын тодорхойлолт, түрээсийн гэрээ, банкны баталгаа зэргийг хуурамчаар үйлдэх тохиолдол бүртгэгдэх болжээ. Ялангуяа банкны баталгааг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдол долоо хоногт 1000 удаа бүртгэгдэж байгааг Консулын хэлтсийн удирдлагууд онцоллоо. Тиймээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас “Солонгосын виз гаргаж өгнө”, “Виз гаргуулж өгнө” зэрэг зар тараасан байгууллагууд болон хуурамч материал бүрдүүлсэн иргэдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, хуулийн хариуцлага тооцно гэдгийг дурьдсан юм.
Дашрамд дурьдахад БНСУ-руу зорчих олон удаагийн виз авсан 37 мянган Монгол иргэн байдаг аж. Харин тус улсаас Монголд зорчих олон удаагийн виз авсан 1000 иргэн байгаа гэсэн судалгааг Элчин сайдын яамнаас гаргажээ. 2014 онд Монголын 64 мянга 96 иргэн БНСУ-д зорчих виз авч байсан бол 2017 онд 108 мянга 139 болж өссөн байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news