“Байгаль дахь сургууль” сургалтад 200 орчим сурагч хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-12 17:35:05
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Насан туршийн боловсролын төв нь “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн санхүүжилтээр “Байгаль дахь сургууль” байгуулан нэг өдрийн дугуйтай аялал-сургалтыг  ЕБСургуулийн 9-р ангийн сурагчдыг оролцуулан долоо хоногийн пүрэв, баасан гарагуудад зохион байгуулж байна. Зуны 7, 8, 9 саруудад нийт 9 удаагийн аяллыг зохион байгуулж, 190  сурагчийг хамруулсан байна. 



“Байгальд ээлтэй аялагчид” хэмээх нэг өдрийн дугуйтай аялалд хамрагдсанаар сурагчид өөр өөрийн онцлог бүхий  5 отог дамжиж, ангийн хамт олон, багш нартайгаа мэдээлэл солилцон, байгалийн сайханд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийн сацуу хүн байгалийн зүй зохист харилцаа, байгалиа хамгаалж ирсэн Монгол ухаанаас суралцдаг байна. 



Тухайлбал, “Уул” отгийн сургалтаар идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин 6км дугуйгаар аялах явцдаа байгальтай танилцан, хүн байгалийн зүй зохист харилцаанд суралцана. “Монгол гэр” отгийн сургалтаар  монгол гэр, ахуй, ёс заншилтай, “Ус, ой” отгийн сургалтаар байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул, ус, ой модтой танилцан байгалиас эрч хүч энерги авдаг байна. Мөн “Чөлөөт цаг” отгийн сургалтаар хөгжөөнт тоглоомын өртөө дамжин хамтран суралцаж, цагийг дурсамжтай өнгөрүүлж, аяллаас төрсөн сэтгэгдлээ үлдээдэг байна.

Б.Гэрэлт-Од
関連ニュース