“Талын өв залгамжлагчид” амь дүйсэн аялалдаа гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-12-16 10:59:38

МОСКВА. /vesti/. “Вести.ru” цахим хуудсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлдэг “Талын өв залгамжлагчид” олон улсын төсөлд оролцогсод ээлжит аялалдаа гарчээ. Тэд шинэ аяллаа “Ex-PRO” экстрим аяллын багийн дэмжлэгтэйгээр Монголын баруун нутагт хийнэ.

Аялалд оролцогчид тусгайлан бэлтгэсэн бартаат замын машинуудаар “Алтай Таван Богд” дархан цаазат газрыг зорьж, Хотон нуурт очих ёстой байна. Аяллынхаа үеэр тэд Монголын өвлийн улиралтай танилцаж, Монголын казак үндэстнүүд хатуу ширүүн өвлийн уур амьсгалд хэрхэн амьдарч, дасан зохицсоныг ойлгох болно.

“Байнгын ширүүн салхитай, 40 градусын хүйтэнд, соёл иргэншлээс бүрэн таслагдсан, ямар ч халаалтгүй, барилга байгууламжгүй нөхцөлд нүүдэлчид аргыг нь яаж олж амьдарсаар ирснийг би үргэлж гайхдаг байсан. Нүүдэлчдийн энэ мэдлэг чадвар нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд хэрхэн дасан зохицох талаарх ойлголтыг хотынхонд өгөх болов уу” гэж “Тал хээрийн өв залгамжлагчид” төслийг санаачлагч Антон Агарков ярилаа.

“Монголын өвлийг үзэхийг бид эртнээс мөрөөдөж байсан учраас машинуудаа өвөлд тусгайлан бэлдсэн. Гэхдээ урьд нь хэн ч явж байгаагүй учир өвлийн улирлын талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Бид анхны аялагчид болно” гэж “Ex-Pro” компанийг үүсгэн байгуулагч Александр Чернок нэмж хэлсэн байна.

“Талын өв залгамжлагчид” нь “Вести.ru” цахим хуудсын дэмжлэгтэйгээр 2014 оноос эхлэн хэрэгжүүлж буй олон улсын төсөл юм. Уг төслийн гол зорилго нь Төв Азийг адал явдалт аялал жуулчлалын ирээдүйтэй бүс нутгийн хувиар харуулах, мөн энэ бүс нутгийн талаарх буруу ойлголтыг арилгахад оршиж байна.

Д.Жаргал

 

関連ニュース