Бан Ги Мүн: 2016 онд "Эбола" дахин тархаж болзошгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /Sputnik/. Баруун Африкт дэгдсэн “Эбола”-гийн тархалтыг зогсоосон гэж мэдэгдсэн хэдий ч 2016 онд уг халдвар дахин тархаж болзошгүй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үзэж байна.
“Эбола”-гийн халдвар анх 2013 оны 12 дугаар сард Гвинейд дэгдэж, улмаар Баруун Африкийн хөрш орнуудад тархсан билээ. Үүний улмаас 11 мянга гаруй хүн нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
Либери, Сьерра-Леон болон Гвинейд халдвар хамгийн их тархсан.
ОХУ “Эбола”-гийн өндөр үр дүнтэй вакцин гаргаж, бүртгүүлсэн гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн боловч Бан Ги Мүн, “Эбола”-гийн вирусийг устгахын төлөө олон улс ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч 2016 онд уг халдвар дахин тархаж болзошгүй гэж мэдэгджээ.
“Энэ жил “Эбола”-гийн халдвар дахин тархаж болзошгүй гэж таамаглаж байна. Вирусийг дарах болон яаралтай хариу арга хэмжээний механизмыг боловсруулах чадвар, уян хатан чанар халдвар тархсан орнуудад байгааг Либерийн туршлага харуулсан. Гэвч цаашид “Эбола” тархах давтамж, магадлал нэмэгдэж болзошгүй гэсэн бодолтой байх хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Либерид хоёр удаа “Эбола”-гийн халдвар тархсан билээ.
Д.Нямтулга