Нүүрсний үнэ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-11-24 19:23:14


   Увс /МОНЦАМЭ/. Бензин шатахууны үнэ өссөнийг дагаад нүүрсний үнэ өнгөрсөн жилээс тонн тутамдаа 15-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингэснээр ажилгүй, орлогогүй иргэдийн хувьд нүүрс худалдаж авна гэдэг том асуудал болжээ. Өнгөрсөн жил тн нүүрс 50-55 мянган төгрөг байсан бол энэ жил 70 мянган төгрөг болж өссөн байна.

Харин нэг портер нүүрс 140 мянга, шуудай нүүрс таван мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн жилээс мөн л өссөн аж. Түлээ, нүүрс худалдан борлуулж байгаа иргэдийн хувьд бензин шатахууны үнэ нэмэгдсэн нөхцөлд түлээ, нүүрсний үнэ нэмэгдэхээс өөр арга байхгүй гэж байлаа. 

Ийнхүү нүүрсний үнэ тонн тутамдаа нэмэгдсэн нь иргэдийн худалдан авах чадварт хүндээр нөлөөлж байгаа ч зайлшгүй хэрэглээ тул иргэд авахаас өөр сонголтгүй байна. Цаашид бензин шатахууны үнэ буурвал үүнийг дагаад түлээ нүүрсний үнэ буурах болов уу гэсэн иргэдийн хүлээлт байна. Гэвч бензин шатахууны үнэ 2018 он гарсаар удаа дараа нэмэгдсэнээс биш огт буурахгүй байна. Өвөлдөө хасах 50 хэм хүрч хүйтэрдэг тус аймгийн иргэдийн хувьд өвлийг дулаан давахын тулд нүүрс голчлон түлдэг юм.

関連ニュース