Өрхийн хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээний өрхийн хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор 19 сумын 18200 өрхөөс хөдөлмөр эрхлэлтийн нарийвчилсан судалгааг аймгийн ЗДТГ-аас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хийжээ.
Судалгаагаар 2096 өрх нь огт хөдөлмөр эрхлээгүй,
сарын дундаж орлого нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.0 мян.төгрөгт хүрэхгүй,
амьжиргааны түвшин доогуур, ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байгаа боловч,
мэдлэг, ур чадвар ажлын дадлага туршлагагүй, өрхийн үйлдвэрлэл нь байнгын бус үйл
ажиллагааны тогтмол орлогогүй байжээ.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч 45205, ажиллагсад 42753 байна. Эдийн засгийн идэвхгүй хүн ам 14684 буюу нийт хүн амын 15.4 хувийг эзэлжээ.
Нийт ажиллагсдаас цалин хөлстэй ажиллагчид 9195, ажил олгогч 55, хувиараа хөдөлмөр эрхлэгч 4348, мал аж ахуй эрхлэгч 28588, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ цалин хөлсгүй оролцогч 568 гэсэн судалгаа гарсан байна.
Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил, хүн амын эдийн засгийн идэвхтэй байдлыг тодорхойлдог гол үзүүлэлт болох ажиллах хүчний оролцооны түвшин 76,5 хувь, ажил эрхлэлтийн түвшин 71,8 хувь, ажилгүйдлийн түвшин 6.1 хувьтай байна.
Өнгөрсөн онд 1625 ажлын байр бүртгэгдсэний 86,1 хувь нь шинээр бий болсон байна. Бий болсон ажлын байрнаас хамгийн их эрэлттэй ажлын байр нь хөдөө аж ахуй, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээ болон бусад салбар байсан байна.
Архангай аймгийн нийт хүн амын 63.0
хувь буюу 59889 нь хөдөлмөрийн насны хүн ам байна.