Толбо болон Ачит нуураас 32 тонн загас агнах зөвшөөрөл олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаар 2019 онд үйлдвэрлэлийн зориулалтаар барих агнуурын
загасны хэмжээг Толбо сумын нутаг дэвсгэрт орших Толбо нуураас 20
тонн, Ногооннуур сумын нутагт орших Ачит нуураас 12 тонн байхаар баталжээ.
Дээд хязгаарыг батлахдаа тухайн сумдын удирдлага болон загас агнах компанийн
саналыг харгалзан үзсэн байна. Цаашид сумдын ЗДТГ-аас загас агнах санал
ирүүлсэн "Кенжедара" компанитай гэрээ байгуулах бөгөөд үүний үр дүнд Ногооннуур
сумын төсөвт таван сая, Толбо сумын төсөвт найман сая төгрөгийн татварын орлого
орно хэмээн төлөвлөжээ.
Дашрамд хэлэхэд, 2018 онд дээрх нууруудаас үйлдвэрлэлийн зориулалтаар барих
агнуурын загасны хэмжээг энэ оныхтой ижил түвшинд баталж байсан ч Толбо нуураас
таван тонн, Ачит нуураас дөрвөн тонн загас агнажээ.