Б.Лхамдулам: Маш том хүсэл, зорилго өвөрлөн орон нутагтаа ирж ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-01-22 22:22:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд мэргэжил эзэмшээд орон нутагтаа ирж ажиллаж, амьдрах залуучуудын тоо эрс нэмэгджээ. Эзэмшсэн мэдлэг боловсролоо орон нутгийнхаа хөгжил цэцэглэтэд зориулна гэдэг залуучуудын хувьд бахархал. Ийм л хүсэл зорилгоор Улаанбаатар хотоос аймгаа гээд ирсэн нэгэн залуу төрийн албан хаагчтай ярилцлаа.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Лхамдулам. Тэрээр энэ салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Салбарын ахмад, дунд, ззалуу үеийнхэнтэйгээ гар нийлэн салбарынхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө зүтгэж яваа залуу боловсон хүчин юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе? Эхлээд уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баатархүүгийн Лхамдулам гэдэг. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрж өссөн.  2013 онд ХААИС-ийн Газар зохион байгуулагч, үнэлгээчин мэргэжилээр төгссөн. Одоо ХААИС-ын магистрт “Бэлчээрийн менежментийн төлөвлөлт” сэдвээр магистрын зэрэг хамгаалж байна. одоо аймгийн ХХААГ-ын Бэлчээр усан хангамж хариуцсан мэргэжилтнээр ажилладаг.

-Их сургуулиа төгсөөд шууд орон нутагтаа ирж ажилласан уу? Яагаад орон нутагтаа ирье гэж шийдсэн юм бэ? Учир нь залуучууд ихэнх нь төв газар бараадна гэдэг шүү дээ?

-Үгүй ээ. Сургуулиа төгсөөд хотод хоёр жил ажилласан. Хотод ер нь залуу хүмүүсийн хувьд хэцүү л дээ. Амьдрах байргүй учир түрээсийн байранд авсан хэдэн төгрөгөө зарцуулна, дээрээс нь унаа тэрэг гээд ер нь бол олон асуудал гардаг л даа. Залуучуудын хандлага ихэнх нь хотод амьдрахыг хүсдэг. Миний хувьд нутагтаа ажилламаар санагддаг байсан.  Тухайн үед телевиз, цахим мэдээгээр Сүхбаатар аймаг шилдэг аймаг боллоо. Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтууд их хийгдэж байна гээд л ид яригдаж байсан үе.  Тэгээд л залуу хүний хувьд нутагтаа очиж бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцъё гэж зориод шууд нутагтаа ирсэн дээ.  Ирээд шууд төрийн албанд ажиллах гэтэл цэргийн алба хаагүй гээд орж чадсангүй. Ер нь дөнгөж төгссөн залуучуудын хувьд нэг асуудал бол цэргийн алба хаагаагүй гэдэг асуудал байдаг юм билээ. Улмаар цэргийн дүйцүүлэх албанд бүртгүүлж, 2015 онд албаа хааж дуусгасан. Тэгээд л шууд жинхэнэ төрийн албан хаагч болсон доо.

-Ажиллаад хэдэн жил болж байна. Эзэмшсэн мэргэжлийнхээ онцлогийг тайлбарлаач?

- ХАА-н салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна. Төр засаг болон дээд газрын  бодлого шийдвэр түүнтэй холбоотой мэдээ мэдээллийг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, зөв оновчтой зохион байгуулж, түүн дээрээ төлөвлөлт хийж зөв гарц гаргалгааг олон нийтэд сурталчлан таниулах нь миний ажлын үүрэг гэж боддог. Одоо эрхэлж буй жил маань амьдрал илүү ойр санагддаг. Хүн бүр үүнийг мэддэг юм шиг хирнээ угтаа огт мэддэггүй, хайхардаггүй. Үүнийг л зөв чигт оруулах нь миний мэргэжлийн гол онцлог юм даа.

-Бэлчээр, усан хангамж хариуцсан мэргэжилтэн гэхээр малчидтай их ойр байдаг байх гэж бодлоо?

-Тиймээ. Ихэвчлэн малчидтай харьцдаг. Бэлчээр , худаг ус гээд л  үргэлжийн маргаан үүсгэж байдаг ээдэргээтэй зүйл байдаг. Манай малчдын хувьд тийм нэг хувиа хичээсэн зан харагдаад байдаг. Хүний өвөлжөөний газар  буучихаад хээв нэг малаа бэлчээгээд байдаг, болохгүй гэдгийг нь хэлэхээр өмчлөөд авчихсан юмуу гэдэг. Мөн худаг усны асуудал үргэлж малчдын том бэрхшээл, бас маргаан үүсгэх нэг зүйл болдог. Газрын доорх баялаг төрийн өмч гэдгийг мэддэггүй. Улс орон нутгийн төсвөөр гаргаж байгаа худаг тодорхой хэмжээний бэлчээрийг усжуулах зорилгоор төр засгаас дэмжиж байгаа шүү дээ. Хэн нэгэн танил тантай хүмүүсийн хэрэгцээнд гаргаж байгаа зүйл биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Гэхдээ манай газрын зүгээс сүүлийн жилүүдэд малчдын энэ хандлагыг өөрчлөх тал дээр төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллаж, тодорхой үр дүнг гаргаад байгаа.

-Аймгийн бэлчээр усан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал тэгвэл ямар байгаа вэ? Асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Манай аймгийн хувьд бэлчээрийн даац 1-3 дахин хэтрэлтэй гэж судалгаагаар гарсан. Жилээс жилд малын тоо толгой өсч, бэлчээрийн даац нэмэгдэж, мөн сүүлийн хоёр жилд үлийн цагаан оготны тархалт асар их байгаагаас бэлчээрийн доройтол ихээр үүсч байна. Энэ тал дээр манай газраас сүүлийн хоёр жилд томоохон ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэсэн. Жишээ нь: Аймгийн Засаг даргын А/568 тоот захирамжаар үлийн цагаан оготно тэмцэх ажлыг 13 сумын хэмжээнд зохион байгууллаа, бэлчээр ашиглалтыг сайжруулах, отор нүүдлийг зохицуулах, хадлан бэлтгэх , ашиглах үйл ажиллагаанд мөрдөх, хяналт тавих зэрэг журмуудыг гаргуулж биелэлт үр дүнг тооцон ажиллаж байна. Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөлтэй хамтран бэлчээр ашиглалтын бүлэг байгуулах гээд хувийн хэвшил, малчидруу чиглэсэн ажлуудыг үе шаттайгаар хийж байна.  

-Эдгээр хийгдсэн гэх ажлуудаас заримыг нь тодруулж өгнө үү? Ингэж байж үр дүнд хүрсэн гэдэг нь уншигчдад ойлгогдох байх?

-Ер нь сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бэлчээр, усан хангамжийн тал дээр ХХААГ-ын зүгээс онцгойлон анхаарч ажилласан. Улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээр усжуулалтын чиглэлээр 13 сумын хэмжээнд 88 уст цэг,  гүн өрмийн 32 худаг шинээр гаргалаа. Мөн малчид өөрсдийн санаачлагаар 70 гаруй худаг  гаргаад байна. Харин бэлчээр хамгаалалын чиглэлээр, хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг хүрээнд улс орон нутгийн төсөв болон төсөл хөтөлбөртэй хамтран 148 мянган га талбайд устгалын ажил хийсэн. Манай аймагт Швейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл зургаан суманд, НҮБ-ын IFAD төсөл гурван суманд хэрэгжиж байгаа. Малчдын бүлэг хоршоо байгуулах, бэлчээрийн доройтлоос сэргийлэх, малчдын хандлагыг өөрчлөх, малчин эмэгтэйчүүдийг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр төслийн хүрээнд 2021 он хүртэл олон ажил хийгдэх төлөвлөгөөтөй байгаа.

-Таны хувьд аймгийн ХХААГ-ын залуу үеийнхний төлөөлөл. Ер нь танай газрын зүгээс, газрын удирдлагуудын зүгээс залуучуудаа хэр дэмжиж урамшуулдаг вэ?

-За баярлалаа сайхан асуулт байна. Ер нь залуу хүн өсч дэмжихэд хамт олны, удирдлагуудын дэмжлэг маш чухал шүү дээ. Манай газраас залуучуудаа маш сайн дэмждэг гэж би хувьдаа боддог. Гадаад дотоодын сургалт, мэргэжил дээшлүүлэх чиглэл дээр түлхүү залуу хүмүүсээ хамруулах бодлогыг газрын зүгээс баримталж ажилладаг. Энэ нь бидэнд цаашид өсч дэвжих үүд хаалгыг нээж өгдөг. Хэдий би ажиллаад удаагүй байгаа ч олон зүйлийг сурч мэдэж, түүндээ урамшин ажиллах урам зориг, эрч хүчээр дүүрэн байдаг. Энэ дашрамд байгууллагынхаа дарга, удирдлагуудад нийт залуучуудынхаа өмнөөс талархал илэрхийлмээр байна.


-Хамт олны тань талаар яриагаа үргэлжлүүлье?

-За тэгэлгүй яахав, ажил хоёр дахь гэр гэдэг шиг хамт олон маань ч гэсэн миний хоёр дахь гэр бүл минь юм. Манай салбарын хувьд их өргөн цар хүрээтэй. Тиймдээ ч хамт олны хүчээр давах ажлууд их гардаг. Манай хамт олны хувьд нийтэч, тусархаг, аливаа томоохон ажил, арга хэмжээнүүдэд нэг баг хамт олон байж чаддаг. Нэгийгээ эзгүйд ажлыг нь нөхөөд хийчихдэг тийм нийтэч, эвсэг хамт олон. Мөн салбартаа олон жил ажилласан дадлага туршлагатай хүмүүстэйгээ байнгын эргэх холбоотой байдаг болохоор залуучууд бидний хувьд энэ нь маш том давуу тал болдог. Жинхэнэ нэг баг хамт олон байж чаддаг хамт олноороо үргэлж бахархаж, ийм хүмүүсийн дунд орсондоо баярлаж явдаг даа.

-Залуу хүний хувьд цаашид өөрийн эрхэлж буй ажилдаа хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл их л байгаа байх?

-Өө тэгэлгүй яахав. Салбартаа болон яг өөрийн хариуцаж буй чиглэлдээ хэрэгжүүлэхийг хүсэж төлөвлөсөн зүйл их байна. Мөн мэргэжил боловсролоо дээшлүүлэх, ур чадвараа ахиулахыг хичээж байна. Салбарынхаа шилдэг манлайлагч залуу боловсон хүчин байхын төлөө зүтгэнэ дээ.

-Та ер нь салбарынхаа хөгжил дэвшлийг хэрхэн дүгнэдэг вэ?

-Сүхбаатар аймгийн эдийн засгийн гол үндлэс нь мал аж ахуй. Тэгэхээр ХАА-н салбар яалт ч үгүй энэ ажилд тэргүүлэх байр суурьтай байх ёстой. Энэ үүргээ ч сайн биелүүлдэг гэж боддог. Салбарын нөхцөл байдал жилээс жилд сайжирч, энэ салбарт ажиллах хүмүүсийн тоо тэдгээрийн ур чадвар ч нэмэгдэж байна. цаашид Сүхбаатарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаад дотоодын үйлдвэрлэлд зонхилох байр суурь эзэлдэг, мал сүргийн үүлдэр  угсаа нь дэлхийд танигдсан тийм л салбар болно гэж би хардаг. Харин үүний төлөө ганц ХАА-н салбарынхан гэлтгүй хүн бүр хичээн зүтгэх хэрэгтэй гэж би боддог.

-Баярлалаа

     

 

関連ニュース