ЕХ дүрвэгсдийн асуудлаарх гэрээг удахгүй батална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРЮССЕЛЬ. /TASS/. Турк улстай байгуулахаар төлөвлөж байгаа дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэх гэрээг Европын Холбооны /ЕХ/ гишүүн 28 орны удирдагчид батлахад ойртсон байна. Уг гэрээг Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглуд баасан гарагийн өглөө эрт танилцуулна гэж Бельгийн нийслэл Брюссель хотод болж буй ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын талаар мэдээлэлтэй европын эх сурвалж мэдээлжээ.
“Одоогийн байдлаар ЕХ-ны 28 орны удирдагчид гэрээний төслийг зөвшилцөж байна. Тэд эцсийн тохиролцоонд хүрэхээр Туркийн Ерөнхий сайдад баасан гарагийн өглөө танилцуулахын тулд удахгүй батлах төлөвтэй байна” гэж эх сурвалж хэлсэн байна.
Дипломатчийн хэлснээр, ЕХ-ны гишүүн онуудын хувьд энэ хэлэлцүүлэг нь хүнд хэцүү биш юм. “Гэрээний төсөлд туркуудын хувьд ямар ч гэнэтийн зүйл байхгүй” гэдгийг тэрбээр онцлон дурдаад тэднийг Туркийн Ерөнхий сайдтай амаргүй хэлэлцүүлэг хүлээж байгаа гэдэг ойлголтыг өглөө.
Түүний тодруулснаар, “ЕХ-ны гишүүн 28 орны зөвшилцөн тохиролцсон гэрээний төслийг Европын зөвлөлийн дарга Дональд Туск, Европын комиссын дарга Жан-Клод Юнкер нар Давутоглуд танилцуулах төлөвтэй байна”. “Хэрэв хэлэлцээний явцад баримт бичгийн талаар санал зөрөлдвөл Туск 28 орны удирдагчдыг дахин хуралдуулж магадгүй” гэж тэрбээр онцлон хэлжээ.
Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгалыг бууруулсны хариуд шинэ шаардлагыг Анкарагийн эрх баригчид гуравдугаар сарын 7-нд ЕХ-нд тавьсан байна. Тухайлбал, Туркийн тал дүрвэгсдийн асуудлыг шийдэхэд нэмж 3 тэрбум евро гаргах, мөн тус улсыг ЕХ-нд элсэх тухай хэлэлцээний үйл явцыг түргэтгэх болон визийн журмыг энэ зун цуцлах санал тавьжээ.
Д.Жаргал