Балба ШХАБ-ын яриа хэлцээний түнш орон боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-22 14:41:36

БЭЭЖИН. /TASS/. Балба улс албан ёсоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ яриа хэлцээний түнш-улсын статустай боллоо. Үүнтэй холбогдох санамж бичигт Хятадын нийслэл Бээжин хот дахь ШХАБ-ын төв байранд тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов, Балбын Ерөнхий сайд Кхадги Прасада Шармы Оли нарын оролцоотой гарын үсэг зуржээ.

“Аюулгүй байдал, итгэлцлийг бэхжүүлэх салбарт хамтран ажиллах зорилгоор ШХАБ-ыг 2001 онд байгуулсан. Тус байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн тэргүүлэх гүрнүүд, түргэн хурдацтай өсч байгаа эдийн засгууд ордог. Балба улс ШХАБ-ын нэг хэсэг болох хүсэлтэй бөгөөд тус олон улсын байгууллагын зарчмыг даган баримтална” гэж Балбын Гадаад хэргийн дэд сайд Камал Тхапа мэдэгджээ.

Камбож, Азербайжан, Балба болон Армен улсад ажиглагч улсын статус олгох тухай улс төрийн шийдвэрийг 2015 оны долдугаар сард ОХУ-ын Уфа хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байна.

ШХАБ-ын бүрэлдэхүүнд Казахстан, Киргиз, Хятад, ОХУ, Тажикистан болон Узбекистан улс ордог. Энэтхэг болон Пакистан улсыг тус байгууллагад нэгтгэх шийдвэрийг зургадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотод гаргаж магадгүй байна. Бүрэн эрхт гишүүн болох хүсэлтийг одоогоор ажиглагч улсын статустай Иран болон Афганистан өгчээ.

Ажиглагч болон яриа хэлцээний түнш орнуудыг оруулаад “ШХАБ-ын гэр бүлд” нийтдээ 18 улс багтдаг. Нийтдээ 3 тэрбум орчим хүн амтай улс орнуудыг эгнээндээ нэгтгэдэг ШХАБ-ын үйл ажиллагаанд өөр хэд хэдэн улс оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Д.Жаргал

 

 

関連ニュース