Нэг биш хоёр үнэг галзуугаар өвчилсөн байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-02 16:17:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын наймдугаар багийн нутагт үнэг галзуурсантай холбоотойгоор аймгийн Мал эмнэлгийн газар /МЭГ/-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодрууллаа. Тус багт нэг биш хоёр үнэг галзуурсан байжээ. 

Аймгийн МЭГ-ын Мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Ж.Сундуй хэлэхдээ, 08 дугаар сарын 28-нд өглөө дуудлага ирсний дагуу аймгийн МЭГ, МХГ, нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин М-ийн хот руу орой үнэг дайрч нохойтой нь ноцолдон, улмаар айлын хаяагаар орж, хүн рүү ноцон 15 настай хүү нь духан дээрээ хазуулсан. Үнэгийг тухайн айлын эзэн М сүүлнээс нь барьж аваад, гарт хамгийн ойр байсан галын хайчаар цохиж устгасан байсан. Хүү болоод үнэгийг устгасан малчныг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, зохих эмчилгээг хийлгэсэн, одоо эмчийн хяналтад байна.

Үүнээс гадна малчин Г-ын хот руу дайрч нохойд нь бариулсан үнэгнээс мөн галзуу өвчний вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл тухайн багийн нутагт галзуугаар өвчилсөн хоёр үнэг байсан гэсэн үг. Тиймээс энэ хоёр айлын бүх малд аймгийн МЭГ-аас галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийгээд байна. Мөн эдгээр өрхөөс 10 километрт байгаа айлын малд галзуугийн эсрэг вакцин хийх ажлыг Баруун-Урт сумын ЗДТГ, МЭҮТ хийж байна. Мөн МЭГ-аас малчдад сэрэмжлүүлэг, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар, зөвлөгөөг шат дараатай өгч байна гэв.

Галзуу өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор 08 дугаар сарын 29-ний өдөр Баруун-Урт сумын Засаг даргын захирамж гарч,  хязгаарлалтын дэглэм тогтоосон. Уг дэглэм 14 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна. 

関連ニュース