Цасан болон шороон шуурга шуурч эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-09-30 20:47:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр есдүгээр сарын 30, аравдугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 2-ны өдөр ихэнх нутгаар бороо орох бөгөөд уулархаг нутгаар цас орж, салхи 16-18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Иймээс иргэд, малчдад өгч буй цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах хэрэгтэй. Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойр бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Түүнчлэн зам даваа хаагдсан үед хулгайн замаар зорчих, үүрэн холбооны операторуудын сүлжээгүй газар руу явах, мэргэжлийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтны хэлсэн үүрэг даалгаврыг биелүүлэхийг анхаарууллаа. Дээрх санамжийг цаг агаарын нөхцөл байдал хүндрэх бүрт иргэд, малчдад хүргэдэг боловч өөрсдийн хайхрамжгүй байдлаас үүдэн эрсдэлд орох, автомашины бүрэн байдал бусад зүйлээс шалтгаалан хээр, хөдөө эвдрэх, шаварт суух, малаа хариулагагүй бэлчээснээс үүдэн салхинд туугдах зэрэг зөрчлүүд илэрдэг тул ийнхүү дахин сануулж байгаа аж.

 

 

関連ニュース