ДАРХАН-УУЛ: "Эрсдэлгүй Дархан-Ээлтэй зам" дөрөвдүгээр аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/.
Аймгийн ИТХ-ын санаачилга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн
зөвлөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл,
Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасаг хамтран “Эрсдэлгүй Дархан-Ээлтэй зам” уриан дор дөрөвдүгээр
аяныг эхлүүллээ.
Уг аяны
хүрээнд аймгийн нутаг
дэвсгэрт зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолооч болон
бүх насны иргэдийн замын хөдөлгөөнд соёлтой оролцох мэдлэг, мэдээллийг
нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний дүрэм бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг
хангахад ААНБ, иргэдийг татан оролцуулах зорилготой юм.
Дархан хотын төв Найрамдал талбайд өнөөдөр болж буй аяны нээлтэд Цагдаа, ОБГ, Стандарт хэмжилзүйн хэлтэс зэрэг төрийн байгууллагууд иргэдэд мэдээлэл өгөх, техник, технологийн үзэсгэлэн, ашиглаж буй тоног төхөөрөмж, камерын хяналтын системийн шинэчлэл зэргийг танилцууллаа.
Төвийн болон хойд бүсийн аялал, жуулчлал гол зам дамжин өнгөрдөг, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд дан ганц тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч бус иргэн бүр анхаарал болгоомжтой байж, замын хөдөлгөөний дүрэм, журмыг сайтар баримталж үүргээ биелүүлэхийг зохион байгуулагчид уриаллаа.
Эрсдэлгүй Дарханы аяны хүрээнд иргэнд ээлтэй нөхцөлийг бий болгоход анхаарч төрийн байгууллагууд тэр дундаа ИТХ, ГХУСАЗСЗ нь хувийн хэвшил, иргэдтэй хамтран ажиллаж ирснийг аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэ үеэр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, аймгийн Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Ууганбаяр болон Прокурорын байгууллагын хамт олноос 10 ширхэг хүүхдийн аюулгүйн суудлыг замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгч, бусад ААНБ-уудыг энэхүү уриалгад нэгдэж зөв дадлыг бий болгохыг хүслээ.
Төв
талбайд даатгал,
үнэлгээний байгууллагууд, авто жолооны сургуулиуд, Дарханы авто машин, мотоциклийн клубүүд болон иргэд ААНБ-ууд дэмжин
оролцлоо.