Оросын иргэд пүрэв гарагт Путинтэй шууд холбогдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-12 14:05:33

МОСКВА. /TASS/. ОХУ-ын иргэд улсын төрийн тэргүүн Владимир Путинтэй шууд холбогдон нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдэх боломжуудын талаар асуун лавлаж, мөн цаг үеийн тулгамдсан асуудлуудаар тавьсан асуултдаа хариулт авна.

Оросын иргэд уламжлал ёсоор энэ сарын 14-нд буюу пүрэв гарагт Путинтэй шууд холбогдох бөгөөд Москвагийн цагаар 12 цагт эхлэх нэвтрүүлгийг "Первый”, "Россия 1", "Россия 24" телевизийн сувгууд болон "Маяк", "Вести FM", "Радио России" радио станцууд шууд дамжуулна.

“Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн студид улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд, шуугиан тарьсан телевизийн нэвтрүүлгүүдэд оролцогчдыг урьжээ. Тэдний хувьд Путин биечлэн хандаж асуулт тавих боломжтой. Түүнээс гадна, Оросын янз бүрийн бүс нутгийн оршин суугчид нэвтрүүлэгт шууд холбогдон, төрийн тэргүүнд хандах боломж олгохын тулд хөдөлгөөнт студиудыг ажиллуулах аж.

Путин “улс орны амьдралтай, мөн олон улсын байдалтай холбоотой” асуултуудад хариулна гэж Кремлийн хэвлэлийн алба тодруулжээ. Илүү ихээр сонирхол татсан бөгөөд тулгамдсан асуултуудыг шууд эфирээр тавина.

“Владимир Путинтай шууд холбогдох шугам” нэвтрүүлгийн явцад гарсан санаа оноог Ерөнхийлөгч өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлдэг бөгөөд энэ нэвтрүүлэг бол “дэлхийд хамгийн шилдэгт тооцогдох олон нийтийн санал асуулга” юм гэж Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков ярилаа.

Д.Жаргал

 

 

関連ニュース