Сицилийн хоолойд 2000 орчим дүрвэгчийг аварчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРОМ. /TASS/. Италийн Тэнгисийн цэргийн хүчин, Европын “Eunavformed” баг болон худалдааны хөлөг онгоцууд оролцсон ажиллагааны явцад Сицилийн хоолойд 1850 дүрвэгчийг аварчээ.
Энэ тухай дээрх ажиллагааг удирдан явуулсан Италийн эргийн хамгаалалтын алба мэдээлсэн байна.
Италийн эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд осолдсон хоёр завинд сууж явсан 750 дүрвэгчийг аварсан бол цэргийн хөлөг онгоцууд хийлдэг завиар явж байсан 225 хүнийг аварчээ. Бусад 738 дүрвэгчийг “Eunavformed” багийн хөлөг онгоцууд аварсан байна.
Үүнээс гадна, эргийн хамгаалалтын албаны хяналтын төвөөс ажиллагаа явуулсан бүс рүү илгээсэн худалдааны хөлөг онгоцууд 117 дүрвэгчид тусламж үзүүлжээ. Аврагдсан бүх дүрвэгчийг Италийн өмнөд нутгийн боомтуудад хүргэсэн байна.
Италийн эрх баригчдын мэдээлснээр, он гарснаас хойш Апеннины хойгт бараг 20 мянга дүрвэгч иржээ.
Д.Жаргал