Шанхай, Шэньжэний биржийн индексүүд унажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ШАНХАЙ. /TASS/. Эх газрын Хятадын хөрөнгийн биржүүд дээр шинэ жилийн баярын амралтын дараах анхны арилжаа даваа гарагт эхлэхэд гол индексүүд 8 гаруй хувиар унасныг арилжааны мэдээлэл харуулжээ. Гол индексүүд унасан нь шинэ төрлийн коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотой байна.
Эх газрын Хятадын биржүүдийн арилжаа хамгийн сүүлд нэгдүгээр сарын 23-нд Билгийн тооллоор шинэ он гарахаас өмнө явагджээ. Шинэ жилийн баярын амралтын үеэр коронавирусний халдвар авсан хүний тоо 30 дахин нэмэгдсэн бол нас барсан хүний тоо 20 дахин нэмэгдсэн байна.
Шанхайн хөрөнгийн биржийн гол индекс болох “Shanghai Composite” арилжаа эхлэхэд 8.73 хувиар унаж, 2716.70 пункт болсон бол Шэньжэний “Shenzhen Component” индекс 9706.58 пунктэд хүрч 9.13 хувиар буурчээ.
Харин Хонконгийн хөрөнгийн биржийн гол индекс “Hang Seng” 0.44 хувиар өсөж, 26428.05 пункт болсон байна.
Коронавирусний халдварын дэгдэлт үндэсний эдийн засагт нь сөргөөр нөлөөлж байгаа болохыг БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо хүлээн зөвшөөрсөн юм. Үүний зэрэгцээ тус байгууллага энэхүү сөрөг нөлөө богино хугацаанд үргэлжилнэ гэдэгт харин эрх баригчид учрах эдийн засгийн хохирлыг багасгаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.