Их Британийн гүйлтийн тамирчинд зориулан шинэ барби гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-04 14:39:50

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын тоглоом үйлдвэрлэгч Mattel” компани Их Британийн хамгийн хурдан эмэгтэй, гүйлтийн тамирчин Дина Ашер-Смитэд зориулан шинэ хүүхэлдэй гаргажээ.


Салбар бүрийн төлөөлөгчдийг дуурайлган хүүхэлдэй хийж байгаа “Mattel” компани энэ удаа тамирчин эмэгтэйчүүдийн хүүхэлдэйг гаргахаар болжээ. Цаашид Францын хөлбөмбөгчин Амандин Генри, Туркийн усанд сэлэгч Сумие Боячи, Украины туялзуур сэлэмч Ольга Харлан нарын хүүхэлдэйг гаргах ажээ.


Mattel” энэ долоо хоногийн ням гарагт болох Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан шинэ загварын хүүхэлдэйнүүдээ гаргаж байгаа бөгөөд спортын салбарт амжилттай яваа бүсгүйчүүдийг олон нийтэд танилцуулахыг зорьж байгаа юм. 


Д.Ашер-Смит өөрийн барби хүүхэлдэйтэй болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд, ирээдүйн олон аваргад урам зориг өгөхийн тулд “Mattel” компанитай хамтран ажиллана хэмээн хэлсэн байна.


Барби, Кен хэмээх хос хүүхэлдэйг 1961 оноос үйлдвэрлэж эхэлсэн “Mattel” компани сүүлийн жилүүдэд хүүхэлдэйнүүдийнхээ харагдах байдалд өөрчлөлт оруулах болжээ. 2015 онд тус компани хүүхэлдэйнүүдээ арьс, нүдний өнгө, үсний загварын олон сонголттой болгож, 2016 онд мяраалаг, намхан барбиг худалдаанд гаргажээ. Үүнээс хойш анхны гивлүүртэй барби, Кен хүүхэлдэйн олон төрөл, хиймэл хөлтэй, тэргэнцэртэй барбинуудыг танилцуулж, энэ оны нэгдүгээр сард халзан, арьс цайх өвчтэй зэрэг олон шинэ барби гаргажээ. 

関連ニュース