Иран улс мөнгөн тэмдэгтээ дахин шинэчлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /Mehr/. Ираны парламентын гишүүд үндэсний валютынхаа нэрлэсэн үнийг шинэчилж, нэрийг нь өөрчлөхөөр шийдвэр гаргажээ.
“Ираны мөнгөн тэмдэгтээс дөрвөн тэгийг хасах боломж олгосон хуулийн төслийг депутатууд даваа гарагт баталлаа” гэж тус улсын “Mehr” агентлаг мэдээлсэн байна. Ираны мөнгөн тэмдэгтийг одоо риал биш харин томан буюу түмэн гэж нэрлэнэ. Хуульд зааснаар 10 мянган риал нь нэг түмэнтэй тэнцэх аж.
Ираны парламент мөн уг хуулийг хэрэгжүүлэх, мөнгөн тэмдэгтийг солих шилжилтийн хугацааг хоёр жилээр тогтоожээ. Энэ хугацаанд риал болон түмэн хоёрын аль алиныг нь хэрэглэж болно.
Ираны валютын нэрлэсэн үнийг шинэчлэх, нэрийг нь өөрчлөх асуудлыг 16 жилийн турш хэлэлцжээ.