Энэтхэгт 260 тэрбум гаруй ам.долларын эдийн засгийн багц танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-13 09:22:31

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди коронавирусний цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы үр дагавруудыг даван туулж, эдийн засгийг дэмжих 264 тэрбум ам.долларын багц арга хэмжээг танилцуулжээ.


Н.Моди ард түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ, Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувьтай тэнцэх энэхүү санхүүжилт нь фермерүүд, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэж мэдэгджээ. Мөн тэрбээр, Сангийн сайд Нирмала Ситхараман энэ талаар ойрын өдрүүдэд дэлгэрэнгүй танилцуулна гэж хэлсэн байна.


Энэтхэгт мягмар гаргаас зарим зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээг сэргээсэн нь хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар сулруулж буйг илтгэжээ. Энэтхэгт сүүлийн мэдээллээр халдварын 70 мянга орчим тохиолдол бүртгэгдэж, 2300 орчим хүн нас баржээ.


Гэсэн хэдий ч зарим ажиглагчийн үзэж буйгаар, шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоо харьцангуй бага байгаа тул илрээгүй олон тохиолдол байж болзошгүй ажээ. Энэтхэгт өнгөрсөн гуравдугаар сарын 25-наас маш хатуу хөл хориог тогтоосон нь эдийн засагт хэдийн ихээхэн хохирол учруулсан байна. 

関連ニュース