Ялалтын баярын парадад 100 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-05 18:03:50

МОСКВА./ТАSS/. Ялалтын 71 жилийн ойн баярт зориулсан сүрт жагсаалын салшгүй нэг хэсэг болох агаарын цэргийн хүчний үзүүлбэрийн бэлтгэл сургуулилт өнөөдөр боллоо. Агаарын парад 10 минут үргэлжлэх бөгөөд түүнд 100 гаруй нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

Агаарын парадын салхийг хагалж дэлхий дээр хамгийн томд тооцогддог Ми-26 загварын  цэргийн тээврийн нисэх онгоцыг дөрвөн Ми-8 нисдэг тэрэг дагалдан Улаан талбай дээгүүр нисч өнгөрнө.

Түүний араас Ми-28Н, Ка-52, Ми-35 нисдэг тэргүүд бүлэг бүлгээрээ цувран нисэх юм.

Нисэх хүчний парадад мөн Су-24 болон Су-34 загварын бөмбөгдөгч онгоцууд, Су-25 дайрагч онгоцууд, МиГ-29, Су-27, Су-35 маркийн сөнөөгч онгоцууд, МиГ-31 амдан сөнөөгчүүд, цэргийн тээврийн АН-124-100 “Руслан”, Ил-78 шатахуун цэнэглэгч онгоцууд болон Ту-22М3, Ту-95МС, Ту-160 алсын бөмбөгдөгч онгоцууд оролцох гэж байна. Түүнчлэн өнгөрсөн онд Оросын Агаар-сансрын хүчний зэвсэглэлд шилжсэн Ил-76МД-90А хэмээх хамгийн сүүлийн үеийн загварын цэргийн тээврийн нисэх онгоцыг анх удаа олон нийтэд үзүүлэх аж. Нисэх онгоцны бүлэг бүр 150-400 метрийн өндөрт, хоорондоо 20 секундын зайтайгаар нисэн өнгөрөх юм.

Өнөөдөр орой Ялалтын баярт зориулсан хуурай замын цэргийн сүрт жагсаалын болох бол бямба гарагт парадын ерөнхий сургуулилт болно гэж Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд дурджээ.

Х.Сарнай

関連ニュース