Үндсэн тосгонд 60 айлын орон сууцны шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг даргын
2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын нэг бол дахин
төлөвлөлт юм. Өнгөрсөн онд Дархан сумын 61, 62, 63 дугаар барак байруудыг дахин төлөвлөлтөд оруулж 60
айлын орон сууц ашиглалтад оруулсан. Тус ажлын хүрээнд энэ жил 5 давхар бүхий 60 айлын орон сууц
барихаар шав тавилаа.
Нийт 3.1
тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр барих тус барилга нь 14.8х37.6м хэмжээтэй,
орчин үеийн шийдэл бүхий зоорийн давхартай, карказан барилга аж. Дархан хотын анхны барилгуудын нэг болох үндсэн
тосгоны барак
байрууд нь 1960-1969 онд баригдсан. Эдгээр байрыг эдэлгээ даах боломжгүй,
хүн амьдрах нөхцөлгүй, аюултай орчин бүрдсэн дүгнэлтийг Мэргэжлийн хяналтын
газраас гаргасан ажээ.
Мөн олон улсын зам дагуу байрладаг учраас хотын
өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа учраас Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
хурлаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин
төлөвлөн барилгажуулахаар" болсон нь
ийнхүү хоёр дахь жилдээ үргэлжилж байна.
Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 60 айлын орон сууцны барилгыг орон
нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Гантиг
Өргөө” ХХК барьж, энэ онд ашиглалтад оруулах бөгөөд иргэд хуучин барак байраа орчин үеийн орон сууцаар
сольж амьдрах нөхцөл, орчноо сайжруулж байна.