Форт МакМюррей хотын 2400 байшин барилга түймэрт сүйджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-12 14:45:42

ОТТОВА. /Dnaindia/. Канадын Альберт мужийн Форт МакМюррей хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүргэж буй ойн түймэр хяналтаас гарсан хэдий ч цаг агаар чийглэг сэрүүн  болж байгаа нь галын эрчийг бууруулж байна гэж Канадын албаны хүмүүс мэдэгдэв.

Гал сөнөөгчид Альберт мужийн нутгийн 20 цэгт дэгдсэн гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа боловч Форт МакМюррей хотод гарсан түймрийг цурманд оруулж чадаагүй байна. Тус мужийн 1500 гал сөнөөгчийн тал гаруй хувь нь Форт МакМюррей хотод дайчлагдан ажиллаж байгаа ажээ.

Одоогийн түймэр 2290 хав.дөр.км талбайг хамраад байгаа бөгөөд 2400 орон сууц, барилга галд сүйджээ. Өнгөрсөн долоо хоногт Форт МакМюррей хотын оршин суугчдыг бүгдийг нь буюу нийт 100 000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Хотын захын дүүрэг ихээхэн хохирол амссан бол төв хэсэгт нь харьцангуй бага хохирол учирчээ.

Түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ хэдэн тэрбум доллароор хэмжигдэж байгаа бөгөөд хотыг сэргээн босгоход хэдэн жилийн хугацаа шаардлагатай гэж Канадын Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн Конрад Сауве мэдэгдэв.

Тус нийгэмлэг өнгөрсөн долоо хоногт 67 сая канад долларын хандив цуглуулсны 50 саяыг нь орон гэрээ орхин дүрвэсэн хүмүүст олгох аж.

Д.Нямтулга

 

 

関連ニュース