Италийн парламентын гишүүд Крымд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-13 13:34:55

РОМ. /TASS/. Италийн парламентын гишүүд Крымд танилцах айлчлал хийнэ гэж Италийн парламентын дээд танхим болох Сенатын хэвлэлийн алба мэдээллээ.

Гурван өдөр үргэлжлэх айлчлалын явцад гишүүд Севастополь, Ялта, Симферополь хотуудад зочилж, Крымийн удирдагчид болох Сергей Аксенов, Владимир Константинов, Олег Белавенцев нар болон бусад албаны хүмүүстэй уулзана.

Италийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сенатч Бартоломео Пепе, Паоло Де Пин, Ивана Симеони, “Forza Italia” намаас парламентад сууж байсан Никола Цирачи болон зөвлөх Габриэле Сани нар багтжээ.

Италийн төлөөлөгчид соёл, эдийн засгийн харилцаа болон Крымийн ОХУ-д нэгдэх явцтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээр хэлэлцээний гол зорилго нь хоёр орны хооронд үр ашигтай хамтын ажиллах, энх тайван тогтоох болон хурцадмал байдлыг намжаахад чиглэсэн яриа хэлцээ хийх явдал юм.

Итали болон Крым нь өнө эртний түүхэн болон соёлын харилцаа холбоотой гэдгийг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Өнөөдөр хоёр тал хөдөө аж ахуйн хүнсний аж үйлдвэр, дэд бүтэц, технологи, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар харилцаагаа бэхжүүлэх боломжтой юм.

Д.Нямтулга

 

関連ニュース