АСЕМ мэдээллийн хомсдолтой байдлыг багасгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /China/. Ази, Европ тив хооронд мэдлэг, мэдээллийн хомсдолтой байдлыг багасгаж, уялдаа холбоог өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийнхний гүйцэтгэх үүргийг хэлэлцэх зорилготой уулзалтад Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын гишүүн орнуудын бизнес эрхлэгчид, дипломат албаны ажилтнууд, сэтгүүлч зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцсон байна.
“Олон нийтийн мэдлэг ойлголт болон түншлэлийг дэмжих” гэсэн сэдэвтэй уг уулзалтыг энэ сарын 9-10-нд БНХАУ-ын гурав дахь том Гуанжоу-д зохион байгуулсан нь иргэд хоорондын соёлын харилцааг дэмжих замаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилготой юм.
АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс энэ долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна.
"Гуанжоу хотод болсон энэ уулзалт нь ирэх долдугаар сард болох арга хэмжээний нэлээд бат бэх үндэс суурийг тавьж өглөө. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээр /connectivity/ дээд хэмжээний уулзалт бүрэн төгс амжилттай болж чадахгүй" гэж АСЕМ-ын Монгол дахь газрын зөвлөх Э.Жаргалсайхан China.org.cn цахим хуудсанд ярилцлага өгөхдөө онцлов.
Уг арга хэмжээг Бангладеш, Шинэ Зеланд, Монгол, Пакистан, Сингапур болон БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулжээ.
Д.Нямтулга