Эрдоган: Бид сиричүүдийг хаалгаа дэлгэн угтах болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 11:38:58

АНКАРА. /Anadolu/. Сирийн хямрал эхэлсэн цагаас хойш Турк улс Сирийн иргэдийн талд зогсч, тусламж үзүүлсээр ирсэн, цаашид ч ингэх болно гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.

Тэрбээр Истанбул хотод суралцаж буй гадаад оюутнуудад хандан үг хэлэхдээ "хямрал эхэлсэн цагаас хойш бид Сирийн ахан дүүсээ орхиогүй. Бид тэднийг хаалгаа нээн угтаж авсан, цаашид ч тэдний хувьд хаалга маань нээлттэй байх болно" гэж онцлон дурдлаа.

Туркт орогнож буй хэдэн сая сири иргэдэд олон тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлнэ гэсэн амлалтаа Европын Холбоо биелүүлэхгүй байгаа явдлыг Эрдоган буруушааж байсан билээ. Үүний сацуу, дүрвэгсдэд тусламж үзүүлэх явцдаа Турк улс гадаадын тусламжид найдаж байгаагүй гэдгийг тэрбээр онцлон дурдсан байна.

"Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Сирийн ахан дүүс маань олноороо амиа алдлаа. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 600 мянган гэм зэмгүй хүмүүс бөмбөгдөлт, баллистик пуужингийн цохилт, химийн зэвсэг, эрүү шүүлтийн улмаас амиа алдаад байна" гэж тэрбээр мэдэгджээ.

2011 онд Башар аль-Асадын Засгийн газар ардчиллын төлөөх жагсаалыг хэрцгийгээр дарсны дараа Сирид иргэний дайн дэгдсэн билээ. Энэ үеэс хойш Турк улс Сирийн гурван сая дүрвэгсдийг хүлээн авч, нутагтаа орогнуулснаар дэлхийн хамгийн олон дүрвэгч хүлээн авсан орон болсон юм.

Д.Нямтулга

 

関連ニュース